Тун удахгүй нээлтээ хийх гэж буй "Монгол Цус" баримтат киноны дуу болох Монгол Нохой "Гарж" мину клипийг та бүхэндээ өргөн барья. Тус киноны нийт хамт олондоо ажлын их амжилтыг монголынхоо нийт нохой сонирхогчдынхоо зүгээс хүсье.
7 Comments
Монголын Нохой Судлалын Холбооны 4-р үзэсгэлэн тэмцээн 09 дүгээр сарын 21 , 22-нд 11:00 цагаас Хүй Долоон Худагт зохион байгуулагдана.
Тэмцээний бүртгэл 09 сарын 15-ныг хүртэл явагдаж байгаа бөгөөд та бүхэн нохдын хамтаар идэвхитэй оролцоорой. Холбогдох утас : 88091030 , 89692345 Үзэсгэлэнд оролцох нохой ямар бичиг баримт бэлдэж хэдэн төгрөгний хураамж төлөх тухай: МНСХолбооны гишүүн мөн бишээс үл хамааран 6сараас дээш насны нохой 20,000 төгрөг 6сараас доош гөлөгнүүд 10,000 төгрөгний хураамж төлж оролцоно. Удмын бичиггүй бол заавалудмын бичиг авах ба удмын бичиг авахын тулд нохойдоо шивээс микрочипны аль нэгийг хийлгэсэн байна . МНСХы гишүүдэд удмын бичиг 20,000 төгрөг ,шивээс 20,000 төгрөг ,микрочипыг 25000 төгрөгөөр хийх ба гишүүн бус бол дээрх төлбөрийн хэмжээ нэг дахин өндөр үнээр тооцогдож төлөгдөнө Бүртгэх газрууд .БАРМАШ компаны байр МНСХолбооны оффисе. Марс дэлгүүрийн 3 давхар.Жонон эмнэлэг .Жич Удмын бичиг авах чип шивээс хийлгэх шаардлагатай бол зөвхөн МНСХолбооны оффисе дээр ирж бүртгүүлнэ үү ! Утас 88091030,89692345 шүү найзуудаа Энэ удаад та бүхэндээ АНУ-аас импортоор оруулж ирсэн дэлхийн ихэнхи нохой үржүүлэгчид, сонирхогчдын сайн мэдэх "Pro Sense" хэмээх витаминыг танилцуулья. Уг витамин нь жижиг үүлдрийн нас бие гүйцсэн нохой болоод бусад үүлдрийн гөлөгөнд шаардлагатай нэн чухал амин дэм, тэжээл агуулсан байдаг учир бодисын солилцоог түргэсгэдэг ач тустай бүтээгдэхүүн юмаа. Энэхүү өдөр дутмын витаминаас таны гөлөг болон нохой нь бүхий л хэрэгцээт амин дэм, шим тэжээлийг нэг дороос авах боломжтой аж. Уг витаминд агуулагдаж буй DHA болон ARA нь харааны болон мэдрэлийн хөгжилд тустай, B витамины бүрдэл нь эрч хүчтэй болгоно. Аятайхан амттай тул ноход дуртайхан зажилан иднэ. Хэрэглэх заавар: 5 кг-аас доош жинтэй гөлөгөнд өдөрт 1 ширхэгээр 1 удаа өгнө. 5 кг-аас дээш жинтэй гөлөг болон жижиг үүлдрийн нас бие гүйцсэн нохойд өдөрт 2 ширхэгээр өгч хэрэглэнэ. Найрлага: Шар айрагны хуурай хөрөнгө, Кальцийн Фосфат, Хуурай шар сүү, Стеарины хүчил, Улаан буудайн үр тарианы гурил, Глицерин, Наранцэцгийн тос, Содийн хлорид, Цахиурын диоксид, B3 Витамин, Лактос, Хуурай сүү, E Витамин , Аскорбины хүчил, Магнийн стеарит, Төмөр, Төмөрийн карбонат, Цинк Oксид, B2 Витамин, Тиаминий гидрохлорид, Калий Магни, А-Витамин, Тиамин, Малтодекстрин, Магнийн протоны нэгдлүүд, D3 Витамин, Магнийн сульфат, Поли хүчил, D-Калци B5 Витамин, Зэсийн протоны нэгдлүүд, Зэсийн сульфат, Пирдоксин гидрохлорид, Кобалт Карбонат, Биотин уураг, B12 Витамин, Калий Иод, Содийн сульфат. Хэрэв та энэхүү гайхалтай витаминыг өөрийн хайртай нохой болон гөлөгөндөө авахыг хүсвэл: 8800-3032, 8802-1012 утас руу холбогдоно уу. Үнэ:40,000 төгрөг "Монгол Нохой-2013" үзэсгэлэн тэмцээн маань маш өргөн дэлгэр болж өнгөрлөө. Хөдөө орон нутгаас олон хүний бүрэлдэхүүнтэйгээр монгол нохдоо нас насны ангилалд оролцуулахаар авчирсан нь уг үзэсгэлэнг улам ч гоё үзүүштэй болгож өгсөн билээ. Тухайлбал, Улаанбаатар хот дахь нохой үржүүлгийн газруудаас гадна Дорноговь, Орхон аймгийн үржүүлгийн газрын ноход оролцсон. Нохой сонирхогчдын анхаарлыг татсан “Монгол нохой 2013” үзэсгэлэн наадамд 100 гаруй монгол нохой оролцсон бөгөөд нохдыг гурван ангилалд хувааж, 18 цом олгосон юмаа. Үзэсгэлэнг үзэж сонирхохоор хүмүүс өргөнөөр хүрэлцэн ирж сонирхож, худалдан авч буй нь монгол нохой маань цаашдаа улам их үржиж тоо толгой нь ихсэж, үржил сэлэкцийн ажил мэргэжлийн хэмжээнд хүрэхэд улам ойртож байгааг харуулж байлаа. Монгол нохойн сүр барааг илэрхийлэх шилдгүүдийг дурдвал, Дорноговь аймгийн “Говийн халтар” үржүүлгийн газар хоёр алт, нэг хүрэл, Орхон аймгийн “Асар, басар” мөнгө, хүрэл, “Хоточ” үржүүлгийн газар нэг алт, нэг мөнгө, “Их монгол” үржүүлгийн газар гурван мөнгө, гурван хүрэл, “Хар чоно” үржүүлгийн газар нэг алт, “Арслан” клуб нэг алт, нэг мөнгө цом хүртсэн бол хувиараа ирж оролцсон иргэн хоёр алтан цом гарджээ. Нэмж сонирхуулахад, үзэсгэлэнгийн дундуур үзэгчдийн дунд хөгжөөнт тэмцээн зохиож, ялагчид цэвэр цусны монгол нохойн гөлөг бэлэглэсэн. Мөн дуудлага худалдааны үеэр гурван сартай монгол нохойн гөлөг 2 сая 120 мянган төгрөгийн үнэд хүрэн худалдаалагдсан нь зөвхөн гаднаас импортоор авчирсан нохдын гөлөг үнэтэй зарагддаг бус юмаа гэдгийг харуулж өгсөн явдал болжээ.
Доорх зураган дээрх цэвэр цусны эр эм түвд банхаруудыг үнэ тохирч зарна. Мөн 1 сартай гөлөгнүүд зарнаа. Утас:8877-7777 Хятад улсаас импортоор оруулж ирсэн, 2010 оны нохдын үзэсгэлэнд ангилалдаа дэд аварга болж байсан одоо 3 нас хүрч буй эм түвд банхар. Энэхүү нохой нь дэлхийн зах зээлд их эрэлттэй Арслан Хэвт түвд банхар бөгөөд үржилд ашиглавал нэн тохиромжтой юмаа. 2012 оны нохдын үзэсгэлэнд ангилалдаа дэд аварга болсон, Хятад улсаас импортоор оруулж ирсэн 2-3 настай эм түвд банхарууд 2012 оны нохдын үзэсгэлэнд ангилалдаа дэд аварга болсон, Хятад улсаас импортоор оруулж ирсэн эр нохой 30 хоногтой гөлөгнүүд нь
Эзэндээ морь, нохой хоёр шиг үнэнчээр зүтгэдэг амьтан үгүй. Ханилгаа муутай, хариг хатуу хүн байна уу гэхээс биш эзнээсээ урвадаг нохой ховор. Нохойд сэтгэхүй байхгүй гэхэд би хувьдаа эргэлздэг. Хэл сэтгэхүй хоёр холбоотой болохыг шинжлэх ухаан нэгэнт баталсан. Хүний хэлийг нохой шиг амархан сурдаг амьтан байдаггүй учраас түүнийг огт сэтгэхүйгүй гэж хэлэхэд учир дутагдалтай мэт. Хүний дараа орох сармагчин, дельфин, морь мэт ухаантай цөөн амьтны нэг нь нохой юм. Нохой эзнээ ядарсан ч, чадарсан ч хаяж явдаггүй, байдгаараа л байдаг. Хоточ нохойн насны тоо дууслаа ч гаднаа хэвтэж үхдэггүй, цагаа болохоор гэр, малаасаа холдож гүвээний цаана очиж нүд аньдаг нь олонтаа. Өвөг, дээдэс маань үхсэн нохойгоо зөнд нь орхидоггүй. Ач буяныг нь хүндлэн сүүлийг нь огтлон онголж оршуулдаг байлаа. Энэ нь шашин шүтлэг бус бөгөөд хүний сэтгэлийн хайр, монголоо алдаагүй мөстэй, жудагтай ард түмнийн минь уламжлалт сайхан зан заншил билээ. Эрт балар хүй нэгдлийн үеэс хүнд хамгийн түрүүн дасч, ойр дотно болсон итгэлтэй нөхөр нохой байсан бөгөөд одоо ч тэр амьтан он жилийн уртад зангаа хувиргаж эзнээ гомдоосонгүй. Нохой шиг үнэнч гэж ярьдаг нь утга гүн, учир нарийн үг юм. Нохой гэснээс бид өнөөдөр хоточ нохойны тухай хөндөн ярих цаг нэгэнт болжээ. Хоточ нохой гэдэг нохой бүгдэд хүзүүвч шиг зүүдэг нэр биш юм. Одоо хөдөө нутагт монгол үүлдрийн хоточ нохой нүдний гэм болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Хуучцуул дөрвөн нүдтэй улаан халтар нохой гэр малд ээлтэй гэж ярьдаг нь зөвхөн зүсэнд нь болсон хэрэг биш ажээ. Цэвэр үүлдрийн монгол нохой голдуу “Дөрвөн нүдтэй” улаан халтар болон зүрх цагаан хар нохой байсан бөгөөд энэ нь одоо нэр нь хүртэл мартагдаж буй “Банхар, Хойлог, Хүдэр, Хасар, Басар”- ууд билээ. Монгол нохойн дуу холч, бүдүүн, толгой том, хүзүү цээж хүдэр зузаан, сэрвээ бяралхуу өндөр, сүүл хонгорцог өтгөн, хөл тавхай том, зориг цөс их, хүчирхэг өсгөлүүн биетэй байсан учраас үлгэр домогт түүнийг дөрвөн хүчтэнгийн шинж бүрдмэл хэмээн бичсэн байдаг. Дөрвөн хүчтэний шинж нь арслан мэт сүрлэг, барс лугаа гавшгай, луу адил догшин өндөр дуутай, хангарьдтай зүйрлэм хурдан шаламгай гэх мэт. Муурын дуунаар олби оготно дүрвэдэг гэлцдэг шиг хоточ нохойны дуу хүрэх газар чоно ирдэггүй, хот уруу өнгийж эргэдэггүй билээ. Хоточ нохой хонь хариулж, хот манахаас гадна хээр хөдөө хурга, ишиг хаядаггүй, түүнийг махчин амьтад, хэрээ шувуунд алдаж идүүлнэ гэж үгүй, ямар ч нүдгүй цасан шуурганаар төөрөлгүй мал, эзнээ замчлан гэртээ авчирдаг ач тустай амьтан билээ. Шөнө хотонд үргэж цочсон хонь мал хоточ нохойн дуунаар тайвшран хэвтэртээ буцан хэвтэж амар жимэр амардаг. Хоточ нохой шөнө хонь бэлчихэд хурааж, хумих буюу малаа дагаж оддогийг бид мэднэ. Хоточ нохдыг эзэд нь хагсраан ан авд дагуулж мордохоос бусад үед сойж уядаггүй. Эцэг өвгөд маань хоточ нохойгоо эцэг малаасаа дутуугүй эрхэмлэн үзэж эртэй, ээлтэй тэр амьтны сүр хүчийг бадраан тод, улаан өнгийн даавуугаар хэл цацаг хайчлан хүзүүвчинд нь зүүж уяандаа бухимдан хоолой нь сөөх вий гэхдээ цээжээр нь хударгалж уядаг. Нохойны хөл гэмтэхээс сэргийлэн хавхыг бог малын бэлчээрээс зайдуу хол зүүдэг. Монгол хүн битүүний үдэш галын бурхнаа тахиж идээ, шүүс өргөхөөс гадна гэр, мал манаж, харанхуй шөнө нүд чих болдог хоточ нохойгоо дээдлэн тураг сайн махаар хоол хийж цатгадаг. Бие нь хатингар давжаа болохоос болгоомжлон давс, халуун ногоотой шөл хоол өгдөггүй уламжлалтай байлаа. Сүүлийн үед бөхөн гөрөөс, хулан, мазаалайн нэгэн адил “улаан номонд” бичигдэх нь халаг болсон амьтны нэг нь монгол нохой юм. Хоточ сайн нохойны удам угсаа тасрах вий гэсэн түгшүүр малчдын сэтгэлийг зовоодог болсоор хэдэн жилийн нүүр үзлээ. Орчин үед европоос гаралтай, тасалгааны, давжаа биетэй элдэв хаванцар нохойны хувилбар үүлдэр олширсноос хөдөө нутагт чоно сүүлээ сэрвээн дээрээ тавьж, ноход сүүлээ хавчдаг болж, хээрийн амьтан дуртай цагтаа хот уруу өнгийж “шинэ шөл” уудаг боллоо. Өөр хоорондоо цус ойртсон, үс тачир, бээрэг, хошуу шөмбөгөр, зориг зүрх мохоо, дуу сүр муутай, хоолонцор, унтаахай нохдыг хүүхэд залуучууд сүүлийн үед ихэд сонирхон тэжээж, монгол нохойг биеийн хэлбэр галбир, гоо үзэсгэлэн болхи, эрдэм сургуульгүй хэмээн гадуурхан алж устгасны уршгийг өнөөдөр бид биеэрээ эдлэн гэмшиж, малаа чононд алдсан хойноо амаа барихад хүрч байна. Эрлийз ноход малд нүд, сэтгэл дутмаг, бууж мордсон хүмүүст халтай, эв нь таарвал нүднээс далд мал шоглохоос ч буцахгүй, тэр ч байтугай өөрийн элэнц хуланц боохойтой хэл амаа түвэггүй ололцон нөхцөн хоршиж, эргээд гэр мал уруугаа хээрийн амьтан дагуулан ирж гай тарих явдал мэр сэр үзэгдсээр байна. Энэ нь аюул хөнөөл, арга заль, муу санаагаараа чононоос ч аюултай болохыг олон хүн батлан ярихыг сонслоо. ХХI зуунд бид ямар ч боловсронгуй робот хотондоо тавилаа ч хоточ нохойг орлож чадахгүй бөгөөд сүүлийн үед мал уруу довтлох нь олширч байгаа сүүлтэй, сүүлгүй чоныг дан ганц телевизийн дэлгэцээр хянаж түүний өнгөлзлөгөөс аврагдана гэвэл их эндүүрэл болох биз. Иймд монгол нохойныхоо удам угсааг сэргээж улаан номонд бичигдэхээс нь өмнө аварч хамгаалахгүй бол оройтох нь. Шөнийн цагт хоточ нохойгүй хөдөөний айл нүдгүй, чихгүйтэй адил гэдэг юутай үнэн. Ямарч аюултай улангассан араатан харанхуйн дунд, хаалганы цаана хүн, мал отон зогсч буйг хэн мэднэм билээ. Өнгөн дээрээ хаана ч байдаг нохойны тухай өгүүлж буй мэт санагдавч үүний цаана улсын мал хөрөнгө, нийгмийн эрх ашиг, тэр ч байтугай эгзэгтэй үед хүний хувь заяа, амь нас байж болохыг эрхэм мэргэн уншигчид минь болгоон соёрхоосой билээ. Хүний мөс, нохойны яс хоёр муудвал хамгаас гаслантай. Нохой болгон хоточ байдаггүй ч, чоно болгон чоно байдгийг санууштай. Банхар үржүүлгийн "Арслан" клубтэй холбогдох утас:8802-1012 Дуудлага:Бавгар-Өвөрхангай аймгаас угшилтай эр нохой Хар зүсмийн банхарууд:Хүдэр-Савгар хоёр
Гарж буюу банхар нь Tibetan Mastiff нэрээр олон улсын нохой судлалын холбоонд харьцангуй хожуу бүртгэгдсэн, үржүүлэгчдийн хувьд шинэхэн үүлдэр ч, маш эрчимтэй хөгжиж, олны сонирхол шохоорлыг улам их татаж буй нохой гэдгийг та бүхэн юу эс андах вэ. Тиймээс ч AKC буюу Америкийн үржүүлэгчдийн клуб бүр банхар өсгөгчдийн заавал баримтлах ёстой ёсзүйн хууль гэж гаргасан байна. Tibetan Mastiff Breeders Code of Ethics хэмээн нэрлэгдэж буй энэ тунхаглалд нэгдсэн үржүүлэгчдийг тэд нэр хүндтэй үржүүлэгчид хэмээн зарлаж, өргөнөөр сурталчилдаг, зарчмаас гажсан үржүүлэгчдийн бизнесийн нэр хүндэд халддаг ажээ. Тэдгээрээс зарим онцгой заалтуудыг тоймлоё. Эх нь http://www.tibetanmastiffinfo.com/tmbrn/Ethics-Tibetan-Mastiff-Info.shtmlхэмээх линк дээр бий. Монгол нохой өсгөгчдөд бас санаа авууштай юм уу гэсэндээ энэхүү мэдээллийг оруулллаа... БАРИМТЛАХ ЗАРЧИМ: -Би үүлдрийн цэвэр байдлыг эрхэмлэж, аливаа цус холилдсон эрлийзжүүлгийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. -Үүлдрийг сайжруулахад хувь нэмрээ оруулах чадвартай нохдыг л үржилд ашиглана. Зан араншин, бие махбодын согогтой нохой үржилд оруулахаас татгалзана. -Гөлөг буюу нохойг арилжааны зорилгоор гар дамжуулж, бөөндөж, дамлан худалдахгүй. -Ямар ч насны нохойг найдвартай тэжээж авч явах чадвартай хүнд бэлэглэхээс бусад тохиолдолд гаржаар хандив өргөж, сугалаа мөрийнд тавихгүй. -Биеийн хувьд төдийгүй сэтгэлзүйн хувьд өсч торниогүй байдаг тул хоёр нас хүрээгүй эр эм аль ч нохойг нийлүүлэгт оруулахгүй. Үр төл нь чанар муутай гардагийг мэдэх нохдыг хэзээ ч үржилд давтан ашиглахгүй. -Гөлгийг найман долоо хоногтой болохоос өмнө зарахгүй. Шинэ эзэнд нь шилжүүлэхдээ зан ааш, эрүүл мэндийн талаархи өчүүхэн төдий мэдээллийг ч нуун дарагдуулахгүй. Үргэлжлэл:Түүхийн ухааны доктор Харнууд овогт.З.Лонжид "Монголчуудын уламжлалт зан үйл ба нохой"12/8/2012 Нохойн буруу аашийг засахуй: Хулгайч нохойг хашраахуй: Нохойг гөлөг байхаас нь гэрт оруулж сургавал хулгайлах зан сурдаг. Иймд хэзээ ч гэрт оруулахгүй байх ёстой. Мөн нохойн хоолыг цагт нь өгөхгүй өлсгөх эсвэл махассан нохойд шөл яс өгөхгүй бол мах хулгайлдаг болно. Мах хулгай хийдэг нохойг хашраахдаа лантанз, гич (перц) – ийг мах өөхөнд ахиухан хийж тавихад нохой хулгайлж идээд ам хэл нь халуу шатахад дахиад хулгай хийхээ больдог ажээ. Эсвэл гэрийн босгоны дотор хавх зүүж үүдээ онгорхой орхиход нохой хулгай хийхээр ормогцоо хавхан дээр гишгэж ихэд цочоод дахин гэрт орж хулгай хийхээ зогсдог байна. Малтай тоглодог нохойг хашраахуй: Гөлөг тэжээж эхэлмэгцээ бог малын төлтэй тоглож сурахаас болгоомжлох ёстой. Том болсон хойноо малтай тоглох мал хэмхэж зуудаг ааштай болсон нохойг хашраахдаа амыг нь томголж алд хиртэй сураар том эвэртэй хуц буюу ухнатай холбож тавихад мөргүүлж бага зэрэг шарх олбол дахиад малтай тоглох, мал хэмхэхгүй болно. Хэрэв нэг удаа оролдоод эс засарвал 2 хуц ухнатай холбож хагас өдөр болговол нилээд хүнд шархалж буруу аашаа орхидог гэнэ. Азарган нохойн чив урвахуй: Нохойн чив бол ямагт далд байдаг. Гэвч нохой орооны цаг болоогүй байхад чив нь аяндаа ил гарч бохирдох өтөх нь хааяа тохиолдоно. Үүнийг чив урвах гэх ба эмчлэх арга нь улайсгасан шөвгөөр өрөөсөн төмсгийг нь хатгавал хэвийн болдог гэнэ. Нохой дүлийрэхүй: Зарим нохой 10 – аас дээш настай болсоноосоо хойш чих нь хатуурч улмаар дүлийрдэг гэнэ. Дүлий эмчлэх гол арга нь тарвага, адуу, хулангийн шивнэхэйн (шийрний хамгийн төгсгөл болох таахайн хэсгийг ингэж нэрлэдэг) тосыг зэс халбаганд хийж халуун усан дээр бүлээсгээд чих рүү нь бага багаар өдөрт 1 удаа нийт 7 – 10 хоног дусаахад их төлөв хэвийн сонсголтой болдог гэнэ. Нохой бөөлжихүй: Хааяа нохой бөөлжиж ямар ч хоол идэхгүй болдог. Үүнийг эмчлэх арга нь тарианы хивэг, бажууна, гишүүний иш навчийг ясны шөлөнд буцалгаж хөргөөд өчүүхэн төдий давс нэмж цутган өгвөл эдгэрнэ. Зарим нохой бөөлжмөгцөө шаваг, цахилдаг, дэрс идэж мацаг бариад өөрөө өөрийгөө эдгээдэг гэнэ. Анч нохойн тавхай цоорохуй: Тарваганы бөөрний түүхий өөх тулганы тотгоны хөөтэй хольж түрхээд илгэн бойтог углаж 2 – 3 хоноход эдгэрнэ мөн өөрийнх нь шүлсийг түрхэнэ. Нохой шархлах нь бараг хэвийн зүйл боловч хэл нь хүрэх газрынхаа шархыг хүний туслалцаагүйгээр өөрөө долоон эдгээдэг. Нохойн хамуу эмчлэхүй: Өлссөн нохойд тостой халуун хоол идүүлбэл дорхноо хамуурдаг гэнэ. Бас хамуутай мал, амьтан, нохойноос халдварлах нь ч элбэг. Хамууг эмчлэхдээ тарвага, адуу, хулангийн тосыг ширмэн тогооны хөөтэй хольж зөөлөн гал дээр сайн хутгаж буцалгаад нилээд халуун байхад нь шархалсан буюу хамуутай газарт нь асгаж түлэхэд хамуу эдгэрнэ. 1 – 2 удаа давтахад эв эрүүл болдог. Өтсөн нохойг эмчлэхүй: Нохойн хэл хүрдэггүй газар нь шархалбал өтдөг. Эмчлэхдээ: нэрмэлийн халуун цагаа (боз)-г өттэй хэсэг рүү нь асгана. Эсвэл хомоолын цогоор түлэхэд өт нь үхэж арьс нь түлэгдэнэ. Түлэгдсэн арьсыг нь тарвага, адуу, хулангийн тос, хойлгийн шөлөөр эмчлэхэд амархан эдгэнэ. Нохойн гөлрөх гэмийг засахдаа нэг бүтэн өдөр харанхуй нүхэнд хорьж хоол өгөхгүй өлсгөх, эсвэл хээр аваачиж уяж орхиод уур уцаарыг нь хүргэх эсвэл уяж байгаад биен дээгүүр нь бууны сум бараг шүргэн гарахуйцаар буудаж цочоох эсвэл өдөржин хоол өгөлгүй хээр уяж өлсгөөд орой од жагсаж гүйцэхийн үед шарж түлсэн махыг нохойн ам, хөл арай хүрэмгүй зайнд тавьж хэсэг уурлуулсны дараа түлхэж идүүлбэл гөлрөө нь гардаг гэнэ. Жингэрт сүү оруулахуй: Отлох наснаасаа эрт гөлөглөсөн жингэр мөн нас гүйцсэн тумуй (анх гөлөглөж буй) жингэр цаймгүй гөлөглөх нь ховор бус гэнэ. Мал, амьтны толгойг нохойн хошуу, арвай, монгол будаа, нугастай сайн чанаж хөргөөд шөлтэй нь идүүлбэл сүү орно. Хэрэв эхний удаа орохгүй бол 2 – 3 удаа ийм хоол өгөхөд заавал сүү ордог. Нохой хэт жингэрсэхүй: Орооны үе болоогүй байхад өөр нохойн дээр харайх эсвэл жингэр эрж гүйгээд тогтохгүй бол өрөөсөн төмсөгнийх нь үзүүрийг улайсгасан шөвгөөр хатгана. Гэвч хэвээр байвал өрөөсөн төмсгийг нь авдаг гэнэ. Мөн отлох цаг болоогүй байхад 1-ээс 2 гөлөглөсөн жингэр хэт азаргасах тохиолдол байдаг гэнэ. Түүнийг засах арга тун ховор боловч шээсний сүвийнх нь амсрыг аргалын цогоор хайрахад тустай. Цаг бусаар жингэрссэн нохойг эс эмчилбэл галзуурах нь бий. Нохой хий хуцахуй: Эрүүл нохой хий хуцахгүй. Харин ямар нэгэн эмгэг олсон буюу галзуурах анхны дохио бол нохой хий хуцах гэнэ. Мөн байгалийн элдэв үзэгдэл, газар хөдлөхийн өмнө нохой хий хуцдаг гэнэ. Нохойг хий хуцуулахгүйн тулд бага зэрэг лүнзийдвэл (улайсгасан төмрөөр хошногыг нь хайрах) нохой өвчиндөө шаналан хий хуцахаа болино. Мөн нохой хахахад хоёр чихалзуур (чихний доод этгээд багалзуурын уг)-ыг нь хөнгөн базахад хахдасаа буцааж гаргадаг аж. Нохойгоор дом үйлдэхүй: Хүүхэд тогтдоггүй айл сая төрсөн хүүхдийг гөлөглөсөн жингэрийн хэвлийн доогуур шургуулж буруу талын аль нэг хөхөнд амыг нь хүргэж домновол амь нас нь бат болно. (1978-03-29-нд Ховдын Булганы уугуул, эр, 84 настай Күүлэйн Сунгараа ярив.) - Эргүүтсэн малыг нохойн жогорхой (цайрч хатсан ялгадас) - гаар утахад эдгэнэ. - Бог мал хээл хаяхад жингэр нохойг оломлох буюу цавилуурдана. - Нохойг нэмнэвэл хур орж ган тайлагдана. Нохойн нас: хэт том биетэй хот хороо болон анд сайн, ууртай зуудаг нохой охор богино настай. Харин залхуу, юманд давхидаггүй, гэр амьтай бэсрэгдүү биетэй зоолох нь бага нохой урт насалдаг. Жингэр нь азарганаас илүү урт насалж гол төлөв өтөж үхдэг. Нохойн заяаны үхэл өтөж үхэх гэнэ. Монголчуудын уламжлалт яриагаар бол нохой дээд тал нь 20 – 21 насалдаг бөлгөө. Гэтэл 1984 оны хавар Австралийн Брисбен хотод Чилла нэртэй нохой 32 – тойдоо нүд аньсан нь одоогоор хамгийн дээд амжилт болж байна. Тэр нохойг төмсний хальс, байцааны холимог, өндөгний хальс ясны шөлөөр хооллодог байсан нь түүнийг урт наслахад нөлөөлсөн байх гэж эзэн нь ярьжээ. («Наука и жизнь» 1984 №6 стр.72) Нохой галзуурахуй: Чухам шалтгаан нь янз бүр гэнэ. Ердийн галзуу, чөдөр галзуу гэж хоёр янз байдаг гэнэ. Галзуу амьтан (нохой г.м) мал зууж галзуурсныг чөдөр галзуу гэх ба өөрөө аяндаа галзуурахыг ерийн галзуу гэдэг. Жингэр галзуурах нь азарганаас илүү гэнэ. Үржлийн насны нохой хэд хэдэн жил дараалан азаргатай эвцэлдээгүй бол ердийн галзуу тусдаг гэнэ. Ийм өвчин туссан жингэрийн шээсний сүвийн амсрыг аргалын цогоор хайрна. Эсвэл харанхуй нүхэнд 7 – 10 хоног хорьж тусгаарлавал эдгэрнэ. Мөн жингэр нохой өтөлж хөгшрөн ан барих чадал нь доройтож нэг өдөр 3 – 4 удаа ан хөөгөөд эс гүйцвэл хоолондоо дургүй болж эхэлнэ. Энэ үед нь амт үнэр сайтай хоол өгч засахгүй бол хэд хоногийн дараа галзуурдаг гэнэ. Ингэж галзуурсан нохойд шарахдуулсан зурам, туулай зориуд бэлтгэж бариулахад хэвийн болно. Мөн харанхуй нүхэнд 7 – 10 хоног хориход эдгэрдэг. Галзуу үнэг, хярс, чоно, нохойноос эсвэл галзуурсан адгууснаас халдварлан туссан галзуу хоёр янз. Их хурц ширүүн эхэлсэн галзуу эдгэрэх найдвартай бол зугуухан галзуурвал бараг эмчилгээгүй гэнэ. Галзуу нохойн гол шинж бол үе үе хий хуцна. Хүн мал руу гэнэт дайрна. Сүүлээ ямагт хавчиж шулуун замаар явахгүй байнга хар хурдаараа ийш тийш муруйн цогиж явдаг гэнэ. Галзуугийн бас нэг шинж бол галд огт ойртохгүй хээр галын дэргэд мах тавьсан байхад үзсэн атлаа гал руу дөхдөггүй гэнэ. Ер нь галзуу нохой юм идэх нь тун бага гэнэ. Эрүүл нохой бут шаваг чулуун дээр очиж баадаг бол галзуу нохой дайралдсан газраа шингэн чацга алдах ба шээхдээ өрөөсөн хөлөө огт өргөдөггүй гэнэ. Энэ дашрамд хэлэхэд эрүүл атлаа хөлөө өргөхгүй шээдэг азарган нохой бол хот хороо, ан гөрөөнд муу байдаг аж. Галзуурсан нохой отын цагт эсрэг хүйстнээсээ дөлж зугтаадаг ба гэрээсээ зайлан явж хонь мал дагахаа больж тарвага зурам ч барьдаггүй. Галзуу нохойг харанхуй нүхэнд хорьж жоншны үнсийг малын тархины хөргөөсөн шөлөнд үйж хутган 7 – 10 өдөр өглөө орой цутгаж өгвөл эдгэх тохиолдол бий гэнэ. Ингээд эс эдгэвэл амыг нь томголж сул тавихад 40 – 50 хоногийн дотор хад хясаа эрэг жалга руу нисэж үхдэг ажээ. Бидний монголчууд дэлхийн бусад үндэстний нэгэн адил гэрийн тэжээвэр амьтдаас нохойг нэн эрхэмлэж нохой бол өрхийн ам бүлийн гишүүн хэмээн үзэж ирсэн уламжлалтай. Тиймээс ч нохойтой шууд болоод дам холбогдох маш арвин мэдээ бий. Тухайлбал хууч яриа, үлгэр, оньсого, таавар, зүйр цэцэн үр, ерөөл магтаал, дууны үгэнд нохойн тухай хөндсөн зүйл олон байдаг. Би бээр хар багаасаа хурга ишиг буцаахаас эхлээд хонь хариулах болсноосоо хойш малтай айлд нохой тун хэрэгтэйг ухаарах болж монголчуудын дунд түгсэн нохойтой холбогдох зан үйлийг 1966 оноос хойш цуглуулж хааяа бусдад сонирхуулж ярьдаг. Үүнийг минь цөөнгүй хүн анхаарч сонсдог, зарим нь ч төдий л итгэдэггүй «арай ч дээ» үнэхээр тийм гэж үү хэмээн эргэлздэг. Гэвч өөрийн бодол өөртөө зөв хэмээн цуглуулгаа одоо ч үргэлжлүүлсээр байгаа боловч энэ цуглуулганаасаа бусдад төдий л хүргэж байсангүй харин 1995 онд Монгол, Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний хурал болоход ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал проф А.Очирын зөвшөөрснөөр хураангуй илтгэл бэлтгэж сонирхуулсан юм. (“Монгол, Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ 4” 1995 421 – 429 дэх талд үзнэ үү) Тэрхүү илтгэлдээ яриагүй зүйлээ би энэ удаа та бүхэндээ толилуулж сонирхуулахыг хичээлээ. Жингэр гөлөглөхүй: Монголын зарим нутагт охин нохойг гичий, жөнжгөө гэж нэрлэдэг. Гэвч монголчуудын олонхи нь жингэр хэмээдэг. Жил бүрийн нохой буюу намрын адаг сарын хамгийн сүүлчийн нохой өдөр нохойн ороо эхэлж 24 – 30 гаруй хоног үргэлжилнэ. Жингэр азаргатай эвцэлдсэн тоогоороо хээл авч 1-ээс 10 гөлөг төрүүлнэ. Жингэр бол хамгийн амар хялбар төллөдөг цөөн хэдэн амьтны нэг юм. Гөлөглөхөөс болж амиа алдсан жингэр үзсэн монгол байдаггүй аж. Үр төлөө дээд зэргээр асардаг амьтан бол жингэр бөгөөд харин Азарга бол үрээ ер анзаарахгүй эвцэлдсэн жингэрээсээ төрсөн үрийг өчүүхэн ч үл тоодог гэнэ. Гөлөг 3 долоо хоног сүүгээр хооллоно. 18 сартайдаа жингэр азарганы аль аль нь үржилд ордог боловч 36 сартайдаа төрүүлсэн гөлөг эрүүл, тэсвэр сайтай ухаалаг байдаг гэнэ. Тэгэхдээ ямар ч жингэрийн эхний хоёр төрөлтөөр гарсан үр төл нь ямар нэгэн согогтой байх нь элбэг аж. Гөлөг сонгохуй: 1999 онд Увс аймгийн Давст сумын уугуул 83 настай эр Цэвээний Тавх, Дорнодын Баян-Уулын уугуул 86 настай сонгоол Санжцоо (эр) нарын ярьснаар бол анх үржилд орж буй жингэрийг өөрөөс нь 3 – 4 нас ахиу азаргатай эвцэлдүүлбэл үр төл нь бараг хэвийн байдаг. Гэвч бүх гөлөг нь шилмэл нохой болдоггүй, харин жил өнжиж гөлөглөсөн жингэрийн үр төл, эсвэл гурав дахь удаагаа гөлөглөж буй 3 – 4 настай жингэр 5 – 6 настай азарганы дундаас хамгийн сүүлд гарсан сул арьстай гөлөг онцгой сайн гэнэ. Үүнийг цээжний гөлөг гэдэг. Тийм гөлөг бусдаасаа түрүүлж 10 – 12 хоногтойдоо нүдээ нээдэг. (бусад нь 12 – 14 хоногт нүдээ нээнэ.) ийм эм гөлгийг анч нохой болгон сургахад хүний заасан бүхнийг сурдаг. Ийм эр гөлөг сайн хоточ, сайн азарга болно. Харин зүсмийн хувьд зурх цагаан хар байвал бүр ч сайн гэнэ. Нас чацуу жингэр азарга, эсвэл таваас дээш гөлөглөсөн жингэр хөгшин азаргын дундаас төрсөн гөлөг олон янзын гэм согогтой, ямар ч юм сурахдаа муу байдаг гэнэ. Жич, гөлөг шинжих олон арга байдаг тухай би бээр 1995 оны илтгэлдээ тодорхой дурдсан тул энд товчиллоо. Нохойг анд сургахуй: Жингэр нохой нэг нас хүрэхээс нь өмнө жижиг ан бариулахаас эхэлж 2 настайд нь том анд сургадаг гэнэ. Амьтныг гөрөөлөхдөө үнэрлэж мөрдөх, гэтэж дөхөх, дагаж буюу нэхэж элдэх амдаж буюу тосож угтах зэргийг хүн зааж сургана. Эрүүл жингэр бол төрөлхийн тийм араншинтай байдаг гэнэ. Гөлгөн нохойгоор үнэг агнуулах гэж оролдох хэрэггүй гэнэ. Ямар ч сайн анч нохой үнэгний сүүлэнд хууртаж сарьсан хоншоороороо газар хатгаад зүрх зориггүй болдог. Ямар ч төрлийн анд сургах нохойд хээгтэж хөгзөрч бээсэн зүйл идүүлэхээс чанд цээрлэх ёстой гэнэ. Ялзарч муудсан зүйл идсэн нохой ангийн үнэр мэдэхгүй болдог аж. Нохойг анд бэлдэхдээ хоолыг нь тааруулж, биеийг нь хагсрааж сойлгыг нь зөв тохируулна. Өвлийн эхэн сар буюу урт ав хоморгод авч явах нохойг 7 – 14 хоногийн турш ац туурайт амьтны тослог багатай тураг мах, үнс хийсэн ясны шөлөөр өдөрт 2 удаа (өглөө, орой) хооллоно. Буурын бохь, азарган муурын шүлсийг 2 – 3 хоногт нэг удаа хоолонд нь хольж өгвөл сайн гэнэ. Нохойг сойхдоо зам хөлөөс зайдуу дагжуур чийггүй газарт үнсэн дээр уяж өглөө хооллохоос өмнө, өдөр үд дунд, орой хооллосныхоо дараа суллан тавьж биеийн чилээг нь гаргана. Нохойгоор зөвхөн амьтан бариулах бус эзэн нь буудаад алж чадаагүй анг зугатаж зайлахаас өмнө буюу нүхэнд нь оруулахгүйгээр барьж сургадаг гэнэ. Ийм нохойг бууны нохой гэдэг. Бууны нохой бол эзнээ дагаж ан гөрөөсийг аль болохоор үргээхгүй анч эзэн нь буудмагц дүүлэн очиж агнасан ан нь үхээгүй бол барьж үхсэн бол сахиж зогсдог гэнэ. Тэгээд эзэн нь «аваад ир» гэвэл зуугаад ирнэ. Юм хэлэхгүй бол эзнээ очтол хүлээгээд байж байдаг гэнэ. Сайн сургасан нохой бол гөрөөчдөөс ер дутахгүй ан хийдэг тухай олон хүн ярьж байсны сацуу зарим судлаачдын бичиж үлдээсэн тун сонин мэдээ ч байна. Жишээлбэл 1904 оны 7 – гоос 9–р сард Монголоор аялж судалгаа хийсэн Жамсрангийн Цэвээний өдрийн тэмдэглэлд дурдсанаас үзвэл 13 настай охинтойгоо цуг байдаг нэгэн монгол бүсгүйнх 5 – 6 ишигтэй ямаа, ганц нохойтой байж, тэр бүсгүй ярихдаа: “Бид хоёрыг манай нохой тарвагаар тэжээдэг юм. Нохой минь тарвага руу ойртохдоо ямагт салхины нь дороос гэтэж очоод барьдаг. Тэгээд л түүнийгээ ер хөндөлгүй биднийг хүлээж байдаг. Харин саяхөн хөлөө гэмтээчихээд тарвагачлахаа болчихлоо” хэмээн харамсаж байв. (Дневник веденный ..... 1904 года Хорь Буриад Ц.Жамцаранович, командированным Русским Комитетом для изучений Среднее и Восточной Азии – в Ургу – Забайкальскую область для собирания этнографико – лингвистического материала. 1 – ая тетрадь (С июля по 5 августа) – Архив востоковедов. Институт Востоковедения Академии наук СССР. Фонд 62, оп 30, ед. Хр. 62. Үүний микро хуулбар ахмад архивч Ц.Дүүдээд бий . Сайн анч нохой бол ганцаараа ан барихаас гадна өөр ноходтой хамтарч ан хийдэг. Тухайлбал гахайг олон нохойгоор агнахад их дөхөмтөй. Сайн гэтэж сурсан нохой хур, сойр, ятуу, хахилаг, ахууна, хойлог, хур, сойр зэргийг ч агнадаг юм гэж анчид ярьж байлаа. Харин аргаль, янгир, хулан, зээр, баавгай, шилүүс, үнэг, чоныг нохойгоор агнах боломж тун бага гэнэ. Шилүүс бол таван амтай (4 хөл нь тус бүр нэг ам болдог) учир нохойд хөөгдсөн шилүүс нэг ч их дутаахгүй хэсэгхэн шогшоод зоо нуруугаараа газарт налж хэвэл хөөмгийгөө дээш харуулж хэвтдэг гэнэ. Тэгэхээр нохой шууд давхиж очоод биед нь хүрэхтэй зэрэг аль нэг хөлийнхөө хумсаар нохойн хамгийн эмзэг эрхтэн сарьсан хоншоорыг маш хүчтэй хатгахад нохой бараг ухаан алдах шахаж их чанга гаслахад шилүүс босоод гүйчихдэг гэнэ. Ингэж шилүүсэнд хатгуулсан нохой дахиад ямар ч ан луу ойртохоо больдог ажээ. Үргэлжлэл бий....... |
Archives
September 2016
Categories |