Хуучцуул дөрвөн нүдтэй улаан халтар нохой гэр малд ээлтэй гэж ярьдаг нь зөвхөн зүсэнд нь болсон хэрэг биш ажээ. Цэвэр үүлдрийн монгол нохой голдуу “Дөрвөн нүдтэй” улаан халтар болон зүрх цагаан хар нохой байсан бөгөөд энэ нь одоо нэр нь хүртэл мартагдаж буй “Банхар, Хойлог, Хүдэр, Хасар, Басар”- ууд билээ. Монгол нохойн дуу холч, бүдүүн, толгой том, хүзүү цээж хүдэр зузаан, сэрвээ бяралхуу өндөр, сүүл хонгорцог өтгөн, хөл тавхай том, зориг цөс их, хүчирхэг өсгөлүүн биетэй байсан учраас үлгэр домогт түүнийг дөрвөн хүчтэнгийн шинж бүрдмэл хэмээн бичсэн байдаг. Дөрвөн хүчтэний шинж нь арслан мэт сүрлэг, барс лугаа гавшгай, луу адил догшин өндөр дуутай, хангарьдтай зүйрлэм хурдан шаламгай гэх мэт. Муурын дуунаар олби оготно дүрвэдэг гэлцдэг шиг хоточ нохойны дуу хүрэх газар чоно ирдэггүй, хот уруу өнгийж эргэдэггүй билээ.
Хоточ нохой хонь хариулж, хот манахаас гадна хээр хөдөө хурга, ишиг хаядаггүй, түүнийг махчин амьтад, хэрээ шувуунд алдаж идүүлнэ гэж үгүй, ямар ч нүдгүй цасан шуурганаар төөрөлгүй мал, эзнээ замчлан гэртээ авчирдаг ач тустай амьтан билээ. Шөнө хотонд үргэж цочсон хонь мал хоточ нохойн дуунаар тайвшран хэвтэртээ буцан хэвтэж амар жимэр амардаг. Хоточ нохой шөнө хонь бэлчихэд хурааж, хумих буюу малаа дагаж оддогийг бид мэднэ. Хоточ нохдыг эзэд нь хагсраан ан авд дагуулж мордохоос бусад үед сойж уядаггүй. Эцэг өвгөд маань хоточ нохойгоо эцэг малаасаа дутуугүй эрхэмлэн үзэж эртэй, ээлтэй тэр амьтны сүр хүчийг бадраан тод, улаан өнгийн даавуугаар хэл цацаг хайчлан хүзүүвчинд нь зүүж уяандаа бухимдан хоолой нь сөөх вий гэхдээ цээжээр нь хударгалж уядаг. Нохойны хөл гэмтэхээс сэргийлэн хавхыг бог малын бэлчээрээс зайдуу хол зүүдэг. Монгол хүн битүүний үдэш галын бурхнаа тахиж идээ, шүүс өргөхөөс гадна гэр, мал манаж, харанхуй шөнө нүд чих болдог хоточ нохойгоо дээдлэн тураг сайн махаар хоол хийж цатгадаг. Бие нь хатингар давжаа болохоос болгоомжлон давс, халуун ногоотой шөл хоол өгдөггүй уламжлалтай байлаа. Сүүлийн үед бөхөн гөрөөс, хулан, мазаалайн нэгэн адил “улаан номонд” бичигдэх нь халаг болсон амьтны нэг нь монгол нохой юм. Хоточ сайн нохойны удам угсаа тасрах вий гэсэн түгшүүр малчдын сэтгэлийг зовоодог болсоор хэдэн жилийн нүүр үзлээ.
Иймд монгол нохойныхоо удам угсааг сэргээж улаан номонд бичигдэхээс нь өмнө аварч хамгаалахгүй бол оройтох нь. Шөнийн цагт хоточ нохойгүй хөдөөний айл нүдгүй, чихгүйтэй адил гэдэг юутай үнэн. Ямарч аюултай улангассан араатан харанхуйн дунд, хаалганы цаана хүн, мал отон зогсч буйг хэн мэднэм билээ. Өнгөн дээрээ хаана ч байдаг нохойны тухай өгүүлж буй мэт санагдавч үүний цаана улсын мал хөрөнгө, нийгмийн эрх ашиг, тэр ч байтугай эгзэгтэй үед хүний хувь заяа, амь нас байж болохыг эрхэм мэргэн уншигчид минь болгоон соёрхоосой билээ. Хүний мөс, нохойны яс хоёр муудвал хамгаас гаслантай. Нохой болгон хоточ байдаггүй ч, чоно болгон чоно байдгийг санууштай.