Ингэж бидний өвөг дээдэс Төв Азийн эрс тэс байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон нутгийн монгол мал буй болгож олон үе улируулан өсгөн үржүүлсээр өдгөөг хүрч ирсэн билээ.
Адгуусан амьтныг гэршүүлэн мал ахуйг буй болгон хөгжүүлэх явцад олон зуун жилийн туршид зохицон удамшсан. Монгол нохой бусад үүлдэрийн нохдоос олон талын өвөрмөц онцлогтой, бие даасан үүлдрийн нэг болсон ажээ. Монгол нохой Энэтхэгийн хар чононоос гаралтай, Түвдийн том биет (мастиф-tibetan Mastiff) сахлаг үстэй гарз нохойн төрөл болно. Монгол нохой зүрх цагаан, хар, дөрвөн нүдтэй, хар халтар зүстэй, хоншоор банхгар, толгой зантгар том, гавлаар өргөн дух хавтгай, богино хүзүүтэй, ам томтой атлаа завж бага зэрэг унжсан, зуувандуу зөөлөн дөлгөөн харцтай, бор шаргал нүдтэй унжмал уртавтар чихтэй, бүдүүн боргил дуутай, өргөн, гүн хүдэр цээжтэй, сэрвээгээрээ өндөрдүү, богино бадируун шилбэтэй, сарвуу том, хөлний тавилт шулуун, ноолуур ихтэй урт сахлаг үстэй, бие уртавтар, хондлой харцага шулуун, хадуур хэлбэрийн урт сүүлтээ голдуу өргөж явдаг нохой юм.
Хэвлий ба сүүлэнд нь хонхорцог ихтэй, сүрлэг, мэдрэлийн систем тайван, хөдөлгөөн удаан, хүч тэнхээ ихтэй, шүдний зуулт сайтай, бүх биеийн булчин сайн хөгжсөн бие цогцосын өвөрмөц онцгой чанартай үүлдэрийн нохой юм. Монгол нохойн зан араншин үнэрлэх, мөр хөөх, эрэх, хуцах, улих, боргох, хөөж дайрах, хазах урах, нуугдах гаслах, сүүлээ сөхөх үс нь босох, хамгаалах хариу эсэргүүцэх хэлбэрээр илэрдэг. Монгол нохойд юмыг баримжаалах мал сүргээ, эзнээ хамгаалах, хоол тэжээлийн ба бэлгийн гэх зэрэг зан араншин бүгд илэрч байдаг. Монгол нохойн сэрвээн өндөр, эр нохойнх 65см, гичийнийх нь 60см орчим цээжний бүслүүр эрийнх нь 75 см, гичийнийх нь 65-70см, шилбэний бүдүүн эр нохойнх 12см, гичийнийх нь 9-12см, амьдийн жин эр нохойнх 30-35кг, гичийнийх нь 25-30кг байдаг. Үнэрлэх эрхтэн онц сайн хөгжсөн, үнэрийг 200 орчим метрийн зайнаас мэдэрдэг. Монгол нохойд цаг улирлийн байдалд тохирсон аятай тохилог байранд илчлэг тэжээл өгөхөд ажил үүрэг гүйцэтгэх чадвар сайтай нохой юм.