1993 онд Монголын Радиогоор сонсогч олон түмэнд хүрч байсан Монгол Нохойны тухай хүүрнэсэн нэгэн сонирхолтой бичлэгээс та бүхэнд хүргэе. Тухайн үед эд зах зээлийн системд шилжин, картын бараанд орж байсан хэдий ч бид нэлээн эртнээс Монгол Нохой ховордож байгааг мэдэн, түүний төлөө санаа зовнин байсан нь бахархалтай санагдлаа. НЭВТРҮҮЛЭГЧ: Захидлаас үүдсэн сэдэв...: Эрхэм сонсогчид оо, монгол нохойн талаар сонирхуулж өгнө үү гэсэн захидлыг Японы Чиба мужийн сонсогч Судо Микио ирүүлсэн юм. Энэ удаа бид МОНГОЛ НОХОЙ сэдвээр ярилцах гэж байна, наашаа суугаарай... НЭВТ: Эхний хэсэг буюу Хүчирхэг нэрт нохойнууд... /чоно улих чимээ орж ирээд залгаад фон дээр / НЭВТ: Чоно ульж байна. Сонсогч та гайхаж байна уу? Тиймээ, монгол нохойг Түвдийн “Гарз” нохойноос, Түвдийн “гарз” нохойг Энэтхэгийн хар чононоос гаралтай гэж судлаачид үздэг юм. Тиймээс монгол нохойг хамгийн эртний үүлдрийн нохой гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл монгол нохой шиг нохой дэлхий дээр бараг байхгүй ээ гэсэн үг. / монгол нохойн хүчтэй хуцах чимээ орж ирэх / НЭВТ: Монгол нохой холч бүдүүн дуутай, бие галбирийн хувьд лагс, толгой хошуу томтой, чих унжуу, нүд дугираг болоод суусан. Хүзүү том, сэрвээ махлаг, цээж өргөнтэй, хүчирхэг өсгөлүүн биетэй. Сүүл хонгорцог өтгөн, хөл тавхай том, цөс их. Монгол нохойд зүрх цагаан хар, дөрвөн нүдтэй улаан халтар гээд ердөө хоёр зүс байдаг юм. Юутай ч судлаачын яриаг сонсоё. СОРОНЗОН БИЧЛЭГ: ТӨМӨРЖАВ: Бид их олон нохой дээр судалгаа явуулсны үр дүнд монгол нохойн гарал үүсэл, тархалт, тоо, түүний бие цогцос, өнгө зүсний онцлог, зан араншин,албаны шинж, үржил болоод биологийн онцлог зэрэг олон зүйлийг тодруулсан. СУРВАЛЖЛАГЧ: Зарим нэгээс нь сонирхуулбал...? ТӨМӨРЖАВ: Монгол нохой дунд зэргийн чимээг 300 метрийн цаанаас, хүчтэй чимээг километрийн цаанаас сонсож хариу өгдөг. Энэ шинжээрээ европын шилдэг нохдоос хавьгүй илүү юм. Тухайлбал, дорнод европийн овчарка нохой дундаж чимээг 250-300 метрийн цаанаас сонсож чадахгүй байхад монгол нохой километрийн цаанаас, гүйж яваа хүн болоод амьтны чимээг 230 метрийн цаанаас сонсдог. Түүнээс гадна монгол нохойн харах чадвар онцгой сайн. Монгол нохой 500-700 метрийн зайд аливаа зүйлийг тод хардаг байхад европийн ноход 300 метрийн цаанаас харж чаддадгүй. Зан араншингийн хувьд маш тайван. Юм сурахдаа сайн, мартахдаа удаан. Тэсвэр хатуужил сайтай. Эрс тэс уур амьсгалд ямарч байр савгүйгээр амьдарч чаддаг. СУРВАЛЖЛАГЧ: Монгол нохойн хараа хурц, чих сонор юм байна. Харин мөр хөөхдөө ямар бол...? ТӨМӨРЖАВ: Харин мөр хөөхдөө төдий л сайн биш. Энэ нь сул тал нь юм даа. Гэхдээ энд чиглэлд анхаарал тавьж хандвал муугүй болох нь судалгаагаар ажиглагдсан. НЭВТ: Сая ХААДС-ийн захирал, академич Төмөржав ярьлаа. |
Archives
September 2016
Categories |