Тэрхүү илтгэлдээ яриагүй зүйлээ би энэ удаа та бүхэндээ толилуулж сонирхуулахыг хичээлээ.
Нохойгоор зөвхөн амьтан бариулах бус эзэн нь буудаад алж чадаагүй анг зугатаж зайлахаас өмнө буюу нүхэнд нь оруулахгүйгээр барьж сургадаг гэнэ. Ийм нохойг бууны нохой гэдэг. Бууны нохой бол эзнээ дагаж ан гөрөөсийг аль болохоор үргээхгүй анч эзэн нь буудмагц дүүлэн очиж агнасан ан нь үхээгүй бол барьж үхсэн бол сахиж зогсдог гэнэ. Тэгээд эзэн нь «аваад ир» гэвэл зуугаад ирнэ. Юм хэлэхгүй бол эзнээ очтол хүлээгээд байж байдаг гэнэ.
Сайн сургасан нохой бол гөрөөчдөөс ер дутахгүй ан хийдэг тухай олон хүн ярьж байсны сацуу зарим судлаачдын бичиж үлдээсэн тун сонин мэдээ ч байна. Жишээлбэл 1904 оны 7 – гоос 9–р сард Монголоор аялж судалгаа хийсэн Жамсрангийн Цэвээний өдрийн тэмдэглэлд дурдсанаас үзвэл 13 настай охинтойгоо цуг байдаг нэгэн монгол бүсгүйнх 5 – 6 ишигтэй ямаа, ганц нохойтой байж, тэр бүсгүй ярихдаа: “Бид хоёрыг манай нохой тарвагаар тэжээдэг юм. Нохой минь тарвага руу ойртохдоо ямагт салхины нь дороос гэтэж очоод барьдаг. Тэгээд л түүнийгээ ер хөндөлгүй биднийг хүлээж байдаг. Харин саяхөн хөлөө гэмтээчихээд тарвагачлахаа болчихлоо” хэмээн харамсаж байв. (Дневник веденный ..... 1904 года Хорь Буриад Ц.Жамцаранович, командированным Русским Комитетом для изучений Среднее и Восточной Азии – в Ургу – Забайкальскую область для собирания этнографико – лингвистического материала. 1 – ая тетрадь (С июля по 5 августа) – Архив востоковедов. Институт Востоковедения Академии наук СССР. Фонд 62, оп 30, ед. Хр. 62. Үүний микро хуулбар ахмад архивч Ц.Дүүдээд бий .
Сайн анч нохой бол ганцаараа ан барихаас гадна өөр ноходтой хамтарч ан хийдэг. Тухайлбал гахайг олон нохойгоор агнахад их дөхөмтөй. Сайн гэтэж сурсан нохой хур, сойр, ятуу, хахилаг, ахууна, хойлог, хур, сойр зэргийг ч агнадаг юм гэж анчид ярьж байлаа. Харин аргаль, янгир, хулан, зээр, баавгай, шилүүс, үнэг, чоныг нохойгоор агнах боломж тун бага гэнэ. Шилүүс бол таван амтай (4 хөл нь тус бүр нэг ам болдог) учир нохойд хөөгдсөн шилүүс нэг ч их дутаахгүй хэсэгхэн шогшоод зоо нуруугаараа газарт налж хэвэл хөөмгийгөө дээш харуулж хэвтдэг гэнэ. Тэгэхээр нохой шууд давхиж очоод биед нь хүрэхтэй зэрэг аль нэг хөлийнхөө хумсаар нохойн хамгийн эмзэг эрхтэн сарьсан хоншоорыг маш хүчтэй хатгахад нохой бараг ухаан алдах шахаж их чанга гаслахад шилүүс босоод гүйчихдэг гэнэ. Ингэж шилүүсэнд хатгуулсан нохой дахиад ямар ч ан луу ойртохоо больдог ажээ.
Үргэлжлэл бий.......