Түүний энэ номонд монгол нохойн 50-100 сая жилийн өмнөх гарал үүслээс нь эхлээд одоогийн бидний мэдэх банхар хүртлэх түүхийг анатоми физологи болон шинжлэх ухааны үүднээс нь судалсан маш сонирхолтой судалгаанууд багтжээ.
Ш.Чулуунбаатар гуай “-Ах нь тэтгэвэрийнх болохоор хөрөнгө мөнгөгүйдээд энэ номыг хэвлүүлж чадахгүй л байна. Уг нь энэ номоо хэвлүүлчихвэл гадаад дотоодын судлаачдад их л хэрэгтэй эд дээ” гэлээ. Ингээд та бүхэндээ Чулаанбаатар гуайтай хийсэн ярилцлагыг хүргэе.
Ямарваа нэг улс орон өөрийн гэсэн үндэсний нохойтой түүнийгээ сургадаг судалдаг юм байна. Гэтэл манайхан үнэнч анд болсон нохойгоо бараг мартчихсан. Тэр ч битгий хэл гарал үүслийг нь Түвдээс гаралтай гэж мэдэмхийрдэг болжээ. Угтаа бол монгол нохой чинь энэ дэлхийн бүх үүлдэрийн нохойн өвөг нь юм ш дээ. Түүх судалж байхад гурван их нүүдлийн үеэр монгол нохой дэлхий дахинаа тархаж эхэлсэн байдаг юм байна. Хүн анх нохойг өөртөө дасгасан үе бас Хүннү Сүннүгийн үе дараа нь Чингис хаан дэлхийн талыг эзэлж байлдан дагуулж байх үед монгол нохой тархан нутагшсан байна лээ. Социализмын үед дайвар бүтээгдэхүүн болгож Орос руу нэлээн гаргасан бас 90 оноос хойш монгол нохойг мөнгө хайсан хүмүүс бизнес болгож гадаад руу гарган зарж ашиг олдог болсон. Үүнээс болж монгол нохой устаж үгүй болох аюулын ирмэгт тулаад байна.
-Би монгол нохой гэхээр л 4 нүдтэй улаан халтар зүстэй байдаг гэж боддог юм. Ихэнх хүмүүс ингэж боддог байх. Гэтэл таны судалгаа, фото зургуудыг тань харж байхад монгол нохой олон янзын зүстэй байдаг юм байна. Гайхаад л сууж байна даа…?
-Монгол нохой бол нүүдэлчдийг дагаж явдаг байсан учраас их хүчирхэг амьтан л даа. Ангаа ч хийж чаддаг. Малаа ч хариулчихдаг, гадны ямар нэг довтолгооноос эзнээ хамгаалдаг. Бас байгалийн гамшгийг урьдчилан мэдээд эзэндээ ойлгуулж чаддаг их ухаантай амьтан. Хүн болон байгальд дасан зохицох чадвараараа бусад үүлдэрийн нохойноос хавьгүй илүү.
Сүүлийн үед манай баячууд Түвд мастиф, кавказ овчарка гээд л магтан хөл алдан үнэ цохин авч бэл бэнчингээ гайхуулдаг болжээ. Гэтэл энэ үүлдэрийн ноходын өвөг нь монгол нохой л байгаа байхгүй юу. Монгол нохой улаан халтар, цагаан шар, шар, хар зүстэй байдаг. Дээр үеийн хаад ноёд улаан халтар нохой тэжээдэг байсан юм билээ. Харц ард хар өнгийн нохой тэжээх ёстой. Тэд хэзээ ч хаад ноёдтой зиндаархаж улаан халтар нохой тэжээж болохгүй байжээ. Баячуудын нохойг үржүүлж олон болгодоггүй байсан юм билээ. Үүнээс үүдээд л хүмүүс банхарыг улаан халтар өнгөтэй 4 нүдтэй байдаг гээд ойлгочихсон байхгүй юу. Бас чих нь босчихсон нохойг банхар биш гэдэг. Гэтэл хойд талын монгол нохойн чих нь босдог юм ш дээ. Ер нь Монгол нохойг 3 хувааж үздэг. Баруун аймгийн нутгаар бидний яриад байдаг халтар банхарууд байдаг. Харин хойд зүгийн нутаг, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтийн нутгаар богино биетэй анч банхарууд их байдаг. Урд зүг, Үзэмч Тангуудад хөл зэгзгэр гэдэс татсан банхарууд байдаг юм. Энэ 3 янз банхар чинь бас дотроо нутаг нутгаараа өөр байдаг. Монгол нохойн түүхийг мөстөлгийн үеэс эхлээд ярина даа. Тэгэхээр их урт түүх болох гэж байгаа биз.
-Яагаад монгол нохой банхар гэсэн нэртэй болсон юм болоо?
-Монголчууд бид чинь мал амьтдаа, ялангуяа гөлгийг их өхөөрддөг хүмүүс. Тэгээд л монгол нохойгоо гөлөг байхад нь өхөөрдөөд л банхайсан амьтан гэдэг байсан юм билээ. Энэ өхөөрдөлт нь л банхар нэртэй болгосон болов уу.
-Банхар байхгүй боллоо, ховордлоо, устаж үгүй боллоо гэж их ярьж байна. Энэ үнэн үү?
-Манайхан 90 оноос хойш хэтэрхий их зарж үрсэн дээ. Бас соёлын довтолгооны үед нохойг өвчин тараагч гээд их устгасан. Үүний дараа гадаад руу гаргаж зарсан. Үүнээс болж устах аюул нүүрлээд байгаа нь үнэн. Бид банхараа ер тоохгүй юм. Гэтэл монгол гэр судалдаг Франц хүүхэн надтай ирж уулзсан. Тэр эмэгтэй “монгол гэрийг судлаад явж байтал банхар гэж монгол нохой байдгийг мэдлээ. Та надад энэ нохойн тухай ярьж өгөөч” гэсэн. Сүүлд сураг сонсож байх нээ нөгөө хүүхэн чинь монгол гэр бас банхарыг монголоос авч явж Францдаа үзэсгэлэн гаргаж мөнгө олж байгаа дуулдсан шүү.
-Банхар 4 нүдтэй байдаг нь ямар учиртай юм болоо.
-Энэ 4 нүдийг үлгэр домогт янз янз л ярьдаг. Харин Шинжлэх ухааны үүднээс тайлбарлах юм бол хээр талд явж байхад тусах нарны хүчтэй туяаг бууруулж харааг сайжруулдаг юм. Овчарканы хараа, банхарын харааны түвшин хоёр эрс өөр. Овчарка эзнээ бараг дэргэдээ дөхөж ирэхэд таньдаг бол монгол банхар хэдэн метрийн цаанаас эзнээ ирж байгааг таньдаг, энэ нь 4 нүдтэй нь холбоотой байхгүй юу. Бас банхарын дуу шал өөр байдаг юм . Түвд мастифийн дуу бөглүү “пөн, пөн” гээд тэрүүхэн тэндээ дуугараад байдаг. Гэтэл банхарын хуцалтын долгион хэдэн км-ийн цаанаас дуулддаг юм.
-Хүмүүс бид банхарыг бусад үүлдэрийн нохойноос болхи, ухаан муутай гэж боддог. Тиймдээ ч заримдаа хүмүүс, болхи дуу цөөтэй нэгнээ банхар царайлчихаад гэж загнадаг. Гэтэл та банхарыг хамгийн ухаантай нохой гэж баталчихсан байх юм?
-Нохой эзнийхээ зан аашийг дуурайдаг. Монголчууд бид их аажуу тайвуу хүмүүс. Банхар ч бас монгол хүнээ дуурайсан ааш зантай. Нохойн зан аашийг 4 ангилдаг. Монгол нохой фелагматик темпраменттай. Тэгэхээр манай нохой гаднаас нь харахад болхи удаан юм шиг хэрнээ сурсан зүйлээ хэзээ ч мартдаггүй. Гэтэл энэ гадаад нохой чинь сурсан зүйлээ амархан мартчихдаг юм. 2 немц овчарк сургачих хугацаа өнгөрчихөөд байхад манай банхар заасан юмыг сураагүй л байдаг юм. Харин нэг сурсан зүйлээ хэзээ ч мартахгүй дээ.
-Яг одоо монголд цэвэр цусны банхар байна уу?
-Цөөрсөн дөө. Говь-Алтай зэрэг баруун аймгуудад жинхэнэ банхар байдаг юм. Манайхан бас энэрэн нигүүлсэх үзэлгүй болчихож. Нохойг гөлөглөнгүүт эрийг нь аваад охиныг нь цасанд булаад хаячих юм. Уг нь бол нохойг бие биенээсээ авахдаа маш хүндэтгэлтэйгээр хандаж эзэнд нь жилийн өмнөөс хэлж захидаг байсан байгаа юм. Бас гөлгөө авахдаа эзэнд нь хадаг бариад гөлөгний эхийг нь хооллоод сүү долоолгож байгаад гөлгийг нь авдаг байсан. Монгол айл хамгийн цөөндөө л гурван нохойтой байсан түүхтэй байдаг юм. Монгол нохой өтлөөд үхэхдээ хэзээ ч гэрийнхээ гадаа үхдэггүй. Бусад ноходдоо бариулж үхдэг эсвэл гэрээсээ зайлж холдож үхдэг юм. Бас нохойгоо алга болоход эзэн нь харамсаж болохгүй. Яагаад гэхээр нохой гэрээс гарах том гарзыг хааж алга болдог юм. Бидний өвөг дээдэс маань нохойгоо гэрийнхээ баруун өмнө уядаг байсан байгаа юм. Энэ нь бас их учиртай.
-Ямар учиртай гэж?
- Манай оронд салхи ихэнхдээ баруун хойноос салхилдаг. Тиймээс гэрийн доторхи хоол ундны элдэв үнэрийг мэдрүүлэхгүй гэж баруун урд талдаа уядаг байж. Хэрвээ нохой гэр доторхи хоол ундны үнэрийг авчихвал харуул хамгаалалт манааных нь үүрэг алдагдана гээд баруун урдаа уядаг байсан байгаа юм. Бас монгол нохой хүзүүгээ сунгаад газарт чимээ чагнаж хэвтдэг. Энэ нь хараа сонсгол нь хүрэхгүй алсаас ирж байгаа чимээг чагнаж эзэндээ мэдээлдэг байгаа юм.
-90-ээд онд Батзориг гэдэг залуу дэлхийг тойрохдоо 2 банхар дагуулж явсан. Үүнийг та мэднэ биз дээ?
-Нэг нохой нь миний банхарын гөлөг байгаа юм. Батзориг дэлхийг тойрч ирсэнхийхээ дараа надтай уулзахдаа “Миний 2 нохой цасанд л дарлуулсан даа. Бусдаар чоноос эхлээд гадны халдлагыг ойртуулахгүй гайхамшигтай байсан. Даанч цасанд тавхай нь улдаад дэлхийг тойрч чадсангүй” гэж байсан. Их засаг хуулинд баян хүнийг шийтгэхдээ нохойноос бусад бүх өмчийг нь хураа. Бас нохой алсан хүнийг унаж яваа мориор нь торго гэж бичсэн байдаг юм.
-Монголчууд нохойндоо яагаад хүчтэй амьтад болон жигүүртэний нэрийг өгдөг байсан юм бэ?
-Газарт хүчтэй байлгахын тулд арслан, барс гэдэг нэрийг агаарт хүчтэй байлгахын тулд бүргэд, хойлог, харцага гэдэг нэрийг өгдөг байсан юм. Эрт дээр үедээ нохойныхоо хүзүүвчинд эдгээр хүчтэй амьтадын дүрсийг хайчилж зүүдэг байсан гэнэ лээ.
-Монголчууд нохойныхоо хүзүүнд улаан өнгийн гурвалжин даавууг хайчилж зүүдэг нь ямар учиртай юм бол?
-Гадны аюулаас хамгаалж өргөст тор зүүж байгаа нь тэр л дээ.
-Монгол нохойгоо улам сайн судлаад банхарын гайхамшгийг дэлхий дахинд сурталчилж өгөөрэй гэж таниас хүсье?
-За баярлалаа. Хичээе дээ. Эцэст нь хэлэхэд гадны янз бүрийн сайн муу нохдыг өндөр үнээр авч байхын оронд монгол нохойгоо тэжээж, үржүүлж байгаарай гэж монголчууддаа хэлье.