Зан төрх: Түвд Мастиф бол их зоригтой, тайван амгалан, бодлогошронгуй нохой юм. Өөрийн гэр бүлд маш их үнэнч бөгөөд гадны хүнд амархан дасахгүй. Тэдэнд нохойн жинхэнэ байгалийн зэрлэг зан төрх байдаг ба зэрлэгдүү, догшин ширүүн, таамаглах аргагүй ааш авиртай, сургахад маш хэцүү. Тэд гадаа байхдаа малын сүргийн хамгаалагч бөгөөд чоно, шилүүс, ирвэс зэрэг махчин амьтдын эсрэг догшин зэрлэг байж, өөрийн мал сүрэгт ойртуулдаггүй хосгүй шинжтэй. Тэдэнд хатуу чанга, өөртэй итгэлтэй эзэн хэрэгтэй. Ингэснээр тэднийг зөрүүд, гажууд ааш зантай болохоос сэргийлж чадна. Тэднийг яг нэг маягийн арга барилаар өсгөн нас биед хүргэх хэрэгтэй. Зөв, тогтвортой сургасан нохой нь бусад амьтадтай нийцтэй байж чадна. Багаас нь зодолдож сургахгүй л бол бусад нохойтой маш эвтэй байдаг. Түвд Мастиф өөрийгөө эзнээсээ илүү хүчирхэг гэж бодох юм бол эзнээ хэзээч сонсохгүй болдог талтай. Иймд тэднийг ямар үед гутардаг, сул дорой болдгийг нь мэддэг байх нь чухал бөгөөд тэр үед нь түүнийг удирдан дагуулдаг байх хэрэгтэй.
Амьдрах орчин: Түвд мастиф бол харуул хамгаалалт, малч чиглэлийн нохой учир гол төлөв гадаа хашаанд тэжээвэл илүү тохиромжтой. Тэднийг маш сайн сургасан үед л орон сууцанд тэжээж болно. Тэд гэр дотор хөдөлгөөн багатай байдаг. Тэднийг өдөр бүр гадуур дагуулж алхуулж байх нь зүйтэй. Ингэхдээ түүнийг үргэлж хажуудаа эсвэл хойноо хөтөлж байх ёстой. Ингэснээр тэд эзнээ зам заагч, удирдагч гэж ойлгох бөгөөд эзнээ ч хүндлэн хайрлах болно. Өсөн торниж буй үед нь хэт ачаалалд оруулах хэрэггүй, тэдний том яс нь бүрэн бэхжитлээ уддаг бөгөөд яс, булчин, үе мөчнүүд нь эмзэг байдаг байна. Тэдний үсийг тогтмол самнаж арчилж байх хэрэтгэй бөгөөд өвөл үс нь маш их өтгөнургаж, өнгө үзэмж нэмдэг. Цаг агаар дулаарах үед, хавар үс нь нэг удаа гууждаг байна.