Ангайя гэвэл тохой богинодохоор ангайж чадах
Дайрья гэвэл далан давхар сурыг тасалж чадах
Урья гэвэл уярааж ширгээсэн ганг хүүлж ч чадах
Хонгорцог цээжиндээ сүр хүчтэй
Хоточ Монгол Банхар минь
Айлын хүүхэд элгэмсээд
Өмнө нь очиход эрхэлдэг
Найрын хүн балартаад
Дэргэд нь хоноход бөөцийлдөг
Хотонд нь буухдаа эмээдэг
Талын чоно
Шөнөөр гэтэхдээ зүрхшээдэг
Төөрсөн хүнд дуу нь ачлал
Дайрсан аюулд сүр нь аврал
Морин эрдэнийн дайтай
Монгол хоточ банхар минь...
Эхнэр хүүхэд зугаацуулаагүй
Эргүүлэг жам дагаж
Эрлийз хурлийз болоогүй
Чамирхан гангалагчийн
Чангахан үнэтэй хөтлөгдөөгүй
Чадал зориг хоёроо
Уяандаа уурсаж гаргаагүй
Нүүхэд нүүдлээ дагаж зохицсон
Буухад буудлаа тойрч шинжсэн
Удам үүлдэр нь цэвэр
Ухаант монгол банхар минь
Тогооны зайдсаар хооллолоо гээд
Хонзогнож хонинд халдаагүй
Тоотойхон өдөр цадлаа гээд
Толгой мэдэж авд гараагүй
Дуу сүр хоёроороо
Айлыг амгалан авч ирсэн
Домог нэр хоёртойгоо
Хүний нөхөр болсон
Хотонд байтугай
Хорвоод ховордсон
Хоточ монгол банхар минь
Монгол гэрийнхээ хаяанд
Монгол чимэг байж дээ
Билгийн зууны хурдыг
Гүйцэж чадалгүй хоцорчихов уу
Билэг харанхуй балгаар
Бид өөрсдөө хөнөөчихөв үү
Үхлийн жам дагахдаа ч
Үүдээ дараад нөхчдөг
Үнэнч хоточ нохой минь
Л.Болдсайхан