-Таны ярьж байгаа зүйл нэг л хол сонсогдоод байна. Монгол банхарыг үнэхээр дэлхийд таниулсан хэрэг үү?
-Тийм ээ. Үүнийг нотлохын тулд эхлээд хэдэн зүйл ярья. Монгол нохойг зах зээлд шилжээгүй үед гадаадын сонин, сэтгүүлд эрс тэс уур амьсгалтай өвөлдөө -45 хэмийн хүйтэнд, зундаа +35 хэмийн халуунд дасан зохицсон, байгалийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Харин хэзээ ч сурах чадваргүй нохой гэж бичсэн байдаг. Бүр сурахгүй хэмээсэн. Миний хувьд монгол нохой сурах чадваргүй биш гэх гээд байна.
-Дүгнэсэн хүмүүсийн арга барил дутсан гэсэн үг үү, Таныхаар бол?
-Миний хувьд гадаад, дотоодын дасгалжуулагч, багш нарын сургах чадвар, арга барил зарим талаар монгол нохой сургахад дутсан юм болов уу. Тэд сургах оролдлого хийсэн л байж таарна. Тэгээд л банхар хэзээ ч сурахгүй гэж дүгнэсэн биз.
-Дэлхийд нохой судлал сайн хөгжсөн. Нохойг гаднаас нь хараад таньдаг. Монгол банхарыг яагаад дутуу үнэлэв гэдэг нь анхаарал татлаа?
-Дэлхийд албаны нохойн сургалт үүсээд 100, манайд 60-аад жилийн нүүр үзэж буй. Бид дэлхийн түүхэнд анх удаа монгол нохойг албаны сургалтаар бэлтгэж гаргаж ирлээ. Үүнийг гадаад, дотоодын мэргэжлийн хүмүүс сайшаалтай хүлээн авч байгааг хэлэхэд таатай байна. Бид хэд хэдэн нохойг монгол сургалтаар сургаж хичээллүүлсэн. Германчууд герман овчарка, оросууд орос овчарка, бельгичүүд бельги овчарка сургаж дэлхийд сурталчилсан. Үүний адил Монгол Улс хоточ банхараа албаны сургалтаар бэлтгэж эх орноо дэлхийд сурталчиллаа. Нууцгүй хэлэхэд бидний сургасныг сонсоод гадаадынхны чих нь дэлдийж байгаа.
-Би Чехэд сурч байхдаа амьтан сургах сургалтад суралцсан. Амьтан сургаад 20 гаруй жил болж байна.
-Монгол банхар сургах хэцүү юу?
-Нохой сургах хэцүү. Олимпийн аварга болохоос илүү хөдөлмөр шаарддаг гэхэд хилсдэхгүй. Ялангуяа эрсдэлтэй их тулгардаг. Гадаадад арван жил нохой сургасан хүнд хөдөлмөрийн баатрын дайтай шагнал өгдөг гэж сонссон. Харамсалтай нь манайд энэ талаарх урамшуулал сайн биш. Уйгагүй, шантрахгүй тууштай тэмцэж байж л нохойг сургана. Амьтантай олон жил уйгагүй ажилласны дүнд монгол банхараа сургаж чадсандаа сэтгэл өндөр байна.
-Нэг үйлдэл хийж сургахын тулд хэдий хэрийн хугацаа орох вэ?
-Сургахад зориулагдсан овчарк 10-20 удаа хэлж өгсний дараа хийж сурдаг гэдэг. Харин манай банхарын хувьд нэг зүйлийг зуун удаа хэлүүлдэг. Зуугаас илүү ч хэлүүлэх тохиолдол гардаг. Өдөрт 4-5 удаа ойр ойрхон хичээллүүлэх хэрэгтэй. Сурсан тохиолдолд хэзээ ч мартахгүй. Хэлийг сайн ойлгодог. Манай банхарт авах зүйл олон.
-Уур багагүй барна биз?
-Нэг үгийг 4000-5000 хэлүүлэх ч тохиолдол гарна. Ингэхээр мэдээж нерв барна. Уурлаад бас нохойгоо зодоод байж болохгүй. Олон хэлүүлнэ дээ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал. Ингэж чадвал уурлаад байхгүй.
-Дэлхийд зохиогдож байгаа уралдаан тэмцээнд оролцоход зардал өндөр. Үүнийг яаж зохйцуулдаг вэ?
-Цаашид төр засаг дэмжлэг үзүүлбэл монгол банхар олныг сургана. Дэлхийд болдог олон тэмцээний дэвжээнд банхараа соймоор байна. Даанч зардал өндөр болохоор санасан болгонд оролцож чаддаггүй юм.
-Дэлхийн дэвжээнд сургалттай нохойны арван тэмцээнд оролцлоо гэж бодоход манай банхар хэдэд нь түрүүлэх бол. Энэ талаар тооцож байв уу?
-Арван тэмцээнд оролцлоо гэж бодоход монгол банхар найман тэмцээнээс медаль зүүнэ. Тэр дундаа зургаан алт авна. Итгэлтэй байна.
-Шантрах тохиолдол хэр байв?
-Бүхнийг цаг хугацаа харуулдаг. Бид олон жил хүлээсний эцэст олимпийн аваргатай болсон. Уйгагүй бэлтгэл хийсний үр дүнд нөхцөл нь бүрэлдэж олимпийн аваргууд төрсөн. Нохой ч мөн адил бэлтгэл нь ханаагүй бол заасан зүйлийг дутуу хийдэг. Гэв гэнэт олон хоногоор завсарлахгүй дасгал хийлгээд байвал нохойд мэдээж ядаргаатай. Сургагч ч адил ядрах тохиолдол байна. Зорилготой байвал санасандаа хүрнэ. Хоточ банхар тулгарсан бэрхшээлийг даван туулах чадвартай. Өчнөөн сая төгрөгийн ажил хийсэнтэй тэнцэнэ, нохой сургахад. Овчарк хоёр цаг дасгал хийдэг бол банхар даруй хоёр цагаар илүү хийлгэдэг байх жишээтэй. Тэгээд ч дэлхийн түүхэнд анх удаа монгол банхарыг шилдгийн шилдэг хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн нь бидний зорилгын хамаг учир байгаа юм.
-Бусад нохойноос юугаараа илүү байх юм?
-Албаны сургалттай овчарк арваад төрлийн тушаал гүйцэтгэдэг. Харин монгол банхар 40 тушаал хийдэг. Дэлхийд монгол банхар үнэхээр тасарсан. Шилдгийн шилдэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Монгол банхарыг ингэж гаргаж ирнэ гэдэг ховор. Өндөрт үсрэх, цагирагаар гарах гээд бүх талаар сайн.
-Монгол банхар зан аашны хувьд хэр вэ?
-Эзэндээ ээлтэй, дэндүүүнэнч. Их дөлгөөн. Төрх байдлын хувьд ч хөөрхөн.
-Монгол банхар ховордоод устаж байгаа. Өхөөрдөм энэ амьтнаа мөхлийн ирмэгээс яаж аврах вэ?
-Нохой сонирхогчид өсгөн үржүүлж байна. Манайд 4-5 мянган нохой сонирхдог хүмүүс бий. Энэ хүмүүсийн ачаар монгол банхар устахгүй. Ороо нь ороход анхаардаггүй зарим малчдыг буруутгамаар санагддаг. Орооны үед монгол банхартай нь нийлүүлэх хэрэгтэй. Анхаарахгүй зүс өөр юмтай нийлүүлж эрлийзжүүлж байгаа. Наад зах нь банхараа монголоор нь байлгахад малчид анхаармаар байна. Бусад нохой шиг монгол банхар өвдөмтгий биш. Нохойнд байдаг эвгүй үнэр манай хоточид үгүй. Монгол нохой гэрт хэзээ ч шээдэггүй. Байгалиас хоолоо өөрийн хүчээр олж иддэг. Ийм л сайхан амьтан даа.
-Монгол банхарыг ямар тэмцээнд оролцуулав?
-Өнгөрсөн онд албаны сургалттай нохойны тэмцээнд хувиараа бэлтгэн оролцуулж алтан медаль авсан. Энэчлэн хэд хэдэн тэмцээнд амжилт гаргасан. Тусгай сургалттай цагдаа, гаалийн байгууллагын ноходтой өрсөлдсөн. Тэр овчаркуудаас дутахгүй, бүр илүү гэдгээ харуулсан. Тэмцээнд хувиараа бэлтгэж орох хэцүү. Зориулалтын талбайд наад тал нь бэлтгэл хийе гэхэд оруулахгүй. Бусад ноход чөлөөтэй орж бэлтгэлээ хийдэг шүү дээ. Тэмцээн эхлэхээс хэдхэн минутын өмнө талбайд орох ч энүүхэнд. Уг нь уралдаанд оролцох тамирчид хэд хоногийн өмнө тэмцээн болох талбайд бэлтгэлээ хийдэг. Харин би өөрийн бэлтгэсэн талбайд дасгал хийлгэдэг. Гэхдээ өгөгдсөн стандартаас давуулан сургуулилт хийлгэдэг юм. Ингэх нь бусдаас чансаа дээгүүр байх бүрэн магадлалтай.
-Саяхан Та сургасан монгол банхарын ид шидийг харуулсан “Хоточ банхар” нэртэй DVD гаргасан. DVD-ийг хаанаас авч болох вэ?
-Хоточ банхарын нохой сургалтын DVD-ийг “Мобиком”, “Барс” худалдааны төвөөс худалдан авч болно. Энэ DVD миний 20 жилийн хөдөлмөртэй шууд холбоотой. Хоточ нохойны гайхамшгийг уг DVD-ээс үзэж болно. Гадаадын олон оронд бичлэгээ явуулан банхараа таниулж байгаа.
-Ингэхэд түвд банхар манай банхартай ижил гэдэг үнэн үү?
-Манайхан андуурах тохиолдол их байдаг. Ялгааны талаар мэргэжлийн хүн удахгүй ном бичиж гаргана. Тэр үед нь хамтдаа ярилцъя.
Б.Даариймаа
Эх сурвалж: "Үнэн" сонины 2009/11/09 дугаараас