Зориулалт: хамтрагч, харуул хамгаалалтын.
Ерөнхий гадаад төрх: Яс томтой, биерхүү, чадалтай, нүсэр нохой. Харахад сүрдэм, догшин байрын дүртэй. Тэсвэр тэвчээр, хүч чадал, эрүүл чийрэг байдлыг агуулсан. Байгалийн ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай.
Биеийн хөгжил удаан: гичий нохой 2-3 нас хүрч байж нас гүйцдэг, эр нохой 4 настай нас бие гүйцсэнд тооцогдоно.
Чухал харьцаа: хоншоорын / угнаас хамрын үзүүр хүртэл / урт нь дагзнаас хоншоорын уг хүртэлх хэмжээтэй адил байна. Үл ялиг богино байж болно. Биеийн урт нь сэрвээний өндрөөс арай илүү.
Зан байдал: Бие даасан, манаач, дуулгавартай бөгөөд ялангуяа өөрийн гэр бүлд их үнэнч, эзэмшилдээ халдаах дургүй, сайн хамгаалдаг.
Толгой: Том, өргөн, хүнд. Нас бие гүйцсэн нохойны нүд байрлах түвшнээс арай дээхнээс амны хоёр талруу нугаламтай. бага зэрэг дугуйрсан, том гавлын ястай. Духнаас хоншоорт шилжих хэсэг илэрхий тод илэрсэн.
Нүүрний хэсэг: Хамар: өргөн, зүснээс хамаарч бага зэрэг ялгаа байх ч аль болох хар байх, хамрын нүх том.
Хоншоор: дотогшоо гүн, өргөн, үзүүр нь квадратан.
Уруул: доод эрүүгээ бүрэн халхалсан
Эрүү/шүд: зөв хазалттай, сайн хөгжсөн, өөрөөр хэлбэл дээд шүднүүд доод шүдээ бүрэн халхалсан байдал нь хоншоорыг квадрат хэлбэртэй болгодог. Шулуун зуултыг зөвшөөрдөг. Шүд нягт, зай завсаргүй.
Нүд: зүснээс хамааран хүрэн өнгийн хувилбар байж болох ч аль болох бараан байх, дунд зэргийн хэмжээтэй , хол суусан, зуйвандуу хэлбэртэй
Чих: дунд зэргийн хэмжээтэй, гурвалжин хэлбэртэй, толгойдоо налсан унжмал, түгшүүрлэсэн үед урд байрлана
Хүзүү: булчинлаг, чадалтай, матигар. Эр нохойд илүү илэрсэн өтгөн, уртавтар дэлтэй.
Их бие: чадалтай, нуруу: булчинлаг, шулуун, хондлой: өргөн, нилээн хавтгай хэлбэртэй.Цээж: дунд зэргийн өргөн, гүнзгий, цээжийг зүрхэн хэлбэртэй байхаар байрласан бат бөх хавиргатай. Сүүл: дунд зэргийн урттай, нурууны шугаман дээр өндөр суусан, хөдөлгөөн дундаа нуруун дээрээ авч явдаг, жирийн үед унжуулна. Өтгөн үсээр бүрхэгдсэн.
Мөч:Урд мөч: хүчтэй, шулуун, мөр булчинлаг, өвдөгний үе гадагш буюу дотогш эргээгүй, өргөн ястай шулуун шуутай , бага зэрэг хазайсан том шагайтай , хуруу хооронд өтгөн үстэй.Хойд мөч: хүчтэй, булчинлаг, хөл параллель шулуун, булчин сайтай уртавтар гуятай гэхдээ товойгоогүй, сайн нугарсан өвдөгний үетэй, хуруу хооронд үстэй.
Үс: бүдүүн ширхэгтэй, нягт налсан, шулуун үстэй. Ноолуур нь хүйтний улиралд ихсэж, халуун улиралд багасна. Гөлгөр боловч ширүүн. Хүзүү, мөрний үед үс ихтэй нь дэлтэй мэт харагдуулна. Хойд хөлний арын дээд хэсэгт үс илүү өтгөн, сүүл их өтгөн үстэй.
Зүс: Толботой хар, дан хар, дан саарал, шар, хүрэн шараас улбар шар, улаан, улаан халтар, цагаан хүртэлх зүснүүд байдаг. Гол нь зүсний өнгө аль болох цэврээр байхыг илүүд үздэг.Толбоны өнгө элгэн хүрэн, арай цайвар байж болно. Сарвуун дээр жижиг цагаан толбо байж болно. Толбо нүдний эргэн тойрон, цээж, сарвуу, сүүлний дотор талд байна. Мөн хоншоор дээр болон нүд тойрсон толбо байдаг. / нүдний шил мэт /
Биеийн хэмжээ: эр нохой доод хязгаар нь 66 см, гичий нохой доод хязгаар нь 61 см байна. Түвд мастифийн стандартад өөр ямар ч үүлдэрт байдаггүй нэг үзүүлэлтийг тодруулж өгсөн байдаг нь тэдний өсөлтийн онцлог ба эр түвд мастиф 4 нас хүрч байж бүрэн нас бие гүйцдэг бол, гичий нохой 2-3 нас хүрч бие гүйцдэг байна. Тийм учир эзэн хүн энэ онцлогийг нь мэдсэнээр 2-3 настай түвд “хүүхдээрээ” байгаа гэдгийг нь бодолцож түүнд нас бие гүйцсэн нохойны адил их шаардлага тавьж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өсөлт нь орой гүйцдэгтэй холбоотойгоор тэд урт насалдаг. 14-16 жил насалдаг бөгөөд хоол хүнсний хувьд том биедээ харьцуулахад бага иддэг ноход юм.
Сонирхуулж хэлэхэд, Do Khyi буюу до-кюи түвд нохойн ганц төлөөлөгч биш юм. Түүний өвөг одоог бодвол хамаагүй том биетэй байсан байна. Марко Поло анх харсан түвд нохойгоо илжигний дайтай гэж бичсэн байдаг ажээ.
Түвд нохойны үүлдэр дотор 3 бүлгийг ялгаж авч үздэг: санг-кюи, до-кюи, дрог-кюи. Эдгээр бүлгийн ноходыг гол нь биеийн хэмжээ, жингээр нь ийнхүү бүлэглэн хуваасан байна.
Тэдний жин 40-90 кг хооронд байдаг. Дээрх нэрүүд нь тэдний гүйцэтгэдэг “ажилтай” нь холбоотой байсан ба биеийн хэмжээ, жин нь мөн үүнтэй холбоотой өөр өөр байсан байна.
Сүм дуган хамгаалдаг үнэтэй, чухал нохой санг-кюи, тосгодод эзнийхээ гэр хороог манадаг “уяатай нохой” буюу до-кюи, малч-туугч нохой дрог-кюи. Устаж үгүй болж байгаа үүлдэр гэж 1950-аад онуудад яригдаж байсан нь эхний бүлэгт багтах аварга том биетэй санг-кюи байсан юм.
Мөн төвдүүд нохойныхоо зүсийг ид шидийн хүчтэй гэж үздэг байна: цээжний цагаан толбыг эрэлхэг зоригийн тэмдэг, нүдэн дээр байх толбыг хүний зүрх сэтгэлийг нэвт хардаг шидэт нүд бөгөөд “дөрвөн нүдтэй” энэ нохой үхсэн хүний сүнсийг муу ад зэтгэрээс хамгаалдаг гэж итгэдэг байна.
Эрдэмтдийн үздэгээр энэ нохой ньюфаундленд, леонбергер, пиренэйн уулын нохой, кавказ овчарка зэргийн үүлдрүүд үүсэхэд гол суурь нь болсон гэж үздэг.
Түвд мастиф хүүхдэд маш хайртай нохой юм. Та хүүхэдтэй бол энэ том нохой таны хүүхдийн сайн “найз” байх болно гэдэгт эргэлзээд хэрэггүй.
Хүүхэд түүнийг яаж ч ноолж байсан /нуруун дээр нь суух, амруу нь гараа хийх, сүүлнээс нь татах, чихийг нь зулгаах г.м / нохой яах ч үгүй тайван хэвтсээр байх болно.
Бусад үүлдрүүдийн нохдоос ялгаатай нь түвдүүд мөн мууранд их хайртай байдаг байна.
Н.Наранцэцэг