Дэлхийн эрдэмтдийн судлан тогтоосноос үзэхэд нохойн 500 гаруй төрөл үүлдэр байдаг юм билээ. Нохойн хамгийн анхдагч төрөл нь “Дог” ( дог гэдэг нь англиар нохой гэсэн үг ). Энэ төрлөөс бусад бүх төрөл үүлдэр нь гарсан гэж бичсэн байдаг юм. Энэ дотроос монгол нохой гэдэг хамгийн өвөрмөц, монголчууд бидэнд хамгийн ойр нь юмаа. Монгол Банхарын тухай танилцуулахад, бидний мэдэх дөрвөн нүдтэй улаан халтар банхарыг олон улсын нохойны нэршилд Түвд Мастиф хэмээх овогт багтаадаг ба түвд мастифаас үүсэлтэй гэж судлаачид үздэг. Одоогоос хүн нохой хоёр 15000 жилийн тэртээгээс нөхөрлөж ирсэн бөгөөд Түвд Мастиф нь 2000 гаруй жилийн өмнөөс тухайлбал Гималайн өндөр уулс, Төв Азийн бүс нутгаас үүсэлтэй ажээ.
Банхар нь байгалийн эрс тэс уур амьсгалд амархан дасан зохицох чадвартайгаас гадна эзэндээ нэн үнэнч, хамгаалалтын хувьд тэсвэр хатуужлаараа Немц овчарканаас илүү зэрэг давуу талтай. Уг чанарыг нь ашиглан хүмүүс зөвхөн мал аж ахуйдаа хэрэглэхээс гадна харуул хамгаалалт, цэрэг дайны чиглэлээр сурган ашиглаж ирсэн ажээ. Монгол нохойг анч, малч чиглэлийн бас албаны гэж ангилж болно. Анч, малч нохойг хэн бүхэн андахгүй байх. Ан хийхдээ голдуу гарз үүлдрийн тайга нохойг хурдан болохлоор нь ашигладаг байсан бөгөөд анчид нэг нас хүрч байгаа бие гүйцсэн гөлгөн нохойг бусад дадлагатай ноходын хамт дагуулж, сургадаг байжээ. Учир нь бага настай нохойн соёо гүйцэд ургасан маш хурц үзүүртэй болохоор аливаа амьтны арьсыг нь цоо хаздаг юм. Харин албаны монгол нохой гэсэн ангилал яагаад гарав гэвэл эртний Монголын түүхэнд нохойг ажил, албаны зориулалтаар ашигладаг байжээ. Тухайлбал, “Монголын гурван хаан” хэмээх номд Бээжингээс Хайлаар хүртэл морь малаар явахад хэцүү хүйтэн, их цастай үед нохойн чаргаар улаа нэхэж алба амжуулж байсан тухай бичсэн байдаг юм. Тэнд ийм нохой 3000 гаруй байлаа гэсэн нь бий. Хил хамгаалах болон цагдаад мөрч нохой ашигладаг. Энэ хүрээний ноход бол албаны гэсэн ангилалд орж байгаа юм.
Банхар нь олон арван зүстэй байдаг. Дөрвөн нүдтэй улаан халтар, зүрх цагаан хар, шар халтар, цагаан халтараас өөр зүс байхгүй гэвэл буруу л даа. Зөвхөн халтар дотроо л 20-30 янз байдаг ажээ. Монгол угсаатан ард түмэн нохойг гаршуулж ашиглахдаа голдуу хар, хар бараан зүсний, дөрвөн нүдтэй гэх хөмсөг цагаан шаргал, цээж өвчүү нь цагаан буюу цагаан шаргал, улбар шар өнгийн цээж, дөрвөн хөл нь мөн адил цагаан шаргал байхаар, түүнчлэн хүч тэнхээ сайтай, тэсвэртэй, өл даах чадвараар нь сонгодог байв. Учир нь тэжээвэр малаа сүргээ чоно, үнэг, ирвэс, шилүүс гэх араатан амьтадтай эндүүрхээргүй гэсэн үүднээс цагаан, саарал, шар, алаг зүсний нохдыг төдийлөн тэжээдэггүй байжээ.
Монгол нохойн бие галбир, шинж төрхийг нь авч үзвэл хоншоор богинотой, хошуу нь дөрвөлжин, нүд нь төгрөг хэлбэрийн, харц нь дөлгөөн тогтуухан, толгой нь өргөн, чих нь шанаанаасаа доош илүү унжсан далбагар, тавхай их томтой, хөл сайтай ( тэнцвэр буюу зогсолт сайн ), сүүлээ сээрэн дээрээ мушгируулан хаядаг, хvзvvндээ бяр ихтэй, цээж бахим, ташаа өндөр, номхон дөлгөөн ааштай, их үсэрхэг байдаг ажээ. Банхар нь дунджаар эр нь 60-80 см, эм нь 50-65 см өндөртэй, дунджаар 45-70 кг жинтэй, үржлийн хувьд чонотой их төстэй буюу өвөл 10-11 сарын үед ороо нь ордог бөгөөд 58-70 хоног хээлээ тээдэг. Ихэвчлэн 12, 1 сарын сүүлээр гөлөглөх ба жилд нэг л удаа гөлөглөдөг. Ойролцоогоор 2-8 гөлөг гаргадаг, гарсан гөлөгнүүд нь тэр их өвлийн хүйтнийг тэсвэрлэн давж гардагаараа бусад ноходоос илүү байгалийн шалгаралд тэсч үлддэг онцлогтой. Хоолны тухайд гэвэл, гурван долоо хоног хүртлээ эхийн сүүгээр бойждог бөгөөд цаашдаа бор хоолонд орж эхэлдэг байна. Монголчууд маань гол төлөв гөлөгөө өдөрт 3-4 удаа хоолны нэг шанагаар, тос багатай бантан, малын гүзээ, мөлжүүртэй яс өгч тэжээж иржээ. Тэгээд 6 сартайгаас нь ан гөрөө, харуул хамгаалалтын чиглэлээр сургаж эхэлдэг байна. Монголчууд эм нохой өөрөө гэр хотонд ирвэл буян авчирч байх нь, эр нохой ирвэл олз орж байх нь гэж билэгшээн сайн асарч тэжээж, буян хурааж байна гэж үздэг байв. Мөн жингэр, гичий гэх үгсийг олон дахин давтах, муу ярианд холбох, хараал болгон хэлэхийг ихэд цээрлэдэг байжээ. Сайн эх нохойг маш их хүндэтгэж, эзнийнх нь зөвшөөрлөөр гөлгийг нь авахдаа сайн өдөр цагийг болзож эзэнд нь бэлэг, өглөг барьцтай очиж, эх нохойнд нь хүртэл идэш хоол өгдөг ёстой байжээ. Эзэн нь нохойгоо байнга илж таалж эрхлүүлдэггүй боловч өвчүү цээжийг нь маажиж өгдөг байж. Энэ нь нохой эзнээ мартахгүй болдог гэдэг хуучний домогтой холбоотой аж. Нөгөөтэйгүүр нохойны аль ч мөч нь цээжиндээ хүрдэггүй...
Монгол нохой нь нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маягт дэндүү дассан гэж хэлж болохоор ажээ. Учир нь ямар нэг сургуулилтгүйгээр эзнийхээ хэл яриаг бүрэн ойлгож дуудахаар ирнэ, яв гэхээр явчихна, бос гэвэл босно. Аль нэг зүгт гараар заахаар тэр зүгт харж хуцах зэрэг нь монгол нохойн өөрт нь заяасан инстикт чанар юм. Монгол нохойн нэр гэхэд олон төрөл байдаг аж. Yүнийг араатан амьтны, жигүүртний, хүчтэн амьтны, ургамлын, гоо зүйн нэр гээд таван бүлэгт хувааж болно. Монгол банхар нь дунджаар 10-14 жил насалдаг байна. Монгол нохой үхлээ эзэндээ харуулдаггүй, цаг нь болохлоор өөрөө яваад хаа нэгэн далд газар ойчоод өгдөг. Эзэн нь гадарлаж л байдаг боловч саад хийдэггүй бөгөөд дараа нь олж аваад сүүлийг нь тайрч аван дэрлүүлээд ингэр газар хөдөөлүүлэн, хойд насандаа хүн болж төрхийг ерөөж оршуулгынёслол үйлддэг байжээ. Бидний өвөг дээдэс маань нохой болоод түүний эд эрхтэнг элдэв дом, домнолд хүртэл өргөн хэрэглэж ирсэн байдаг. Тухайлбал, Ойрдууд гэхэд шар зүстэй нохойг илүүд эрхэмлэж үздэг байж. Мөн хөл хүнд эмэгтэй өвдөх үед гэдсэн дээгүүр нь нохой харайлгах, хүүхдийн ам гэмтэхэд чивээр нь домнох зэрэг домын олон аргыг монголчууд хэрэглэдэг байж л дээ.
За эцэст нь миний уншиж мэдсэнээр Түвд Матиф буюу одоо хятад улсад ихээр үржүүлж байгаа зах зээлд эрэлт нь ихтэй энэ нохойн уг үүсэл гарал нь яг Түвд ч биш юмаа. Судлаачдын үзэж байгаагаар уг нохой нь Төв Азид анх үүссэн бөгөөд Төв Азийн нүүдэлчин ард түмний нохой ажээ. Тэгвэл түүхийн ихэнхи хугацаанд Төв Азийн бүс нутгийг ямар үндэстэн захирч байсан бэ гэвэл мэдээж манай өвөг дээдэс маань билээ. Нөгөөтэйгүүр дээр дурдсан түүхэн баримтуудаас үзэхэд түвд банхар гээд байгаа нохой бол монголынх юмаа гэх үндэслэл байгаа юм. Зарим хүмүүс мөргөлчид Түвд рүү яваад ирэхдээ анх энэ нохойг монголд авчирсан гэх бас зарим нь сарлаг тууж авч явж байсан малчид уг нохойг анх монголд авчирсан тэгээд манайд хөдөөгүүр үржин тархасан гээд л амныхаа зоргоор буудаад байх юм билээ. Дээрх түүхэн баримтууд бол эдгээр таамаглалуудаас хамаагүй эртнийх болохоор эдгээр нь үндэслэл муутай таамаглалууд юмаа. Тэгвэл сарлаг гэгч мал маань бас л Түвдэд анх үүсээгүй Төв Азийн уулархаг бүс нутгаар тархан идээшсэн амьтан юмаа гэж судлаачид тодорхойлсон байдаг.
Одоо хятадууд түвд мастиф гэж нэрлэгдээд байгаа уг нохойгоор бизнес хийгээд нэг гөлгийг нь 1500-5000 доллараар дэлхийн зах зээл дээр зарж байна. Саяхан Ван гэгч хятад эмэгтэй 18 сартай түвд банхарыг 500 мянга гаруй доллараар худалдаж авсан нь дэлхийн дээд амжилт тогтоогоод байгаа тухай “Таймс” сонин мэдээлсэн байна. Ингээд бодохоор банхар хэмээх уг нохой дэлхийн зах зээлд эрэлттэй байгааг харуулж байна.
Харамсалтай нь бид орос ахын удирдлаган дор 70 жил явах хугацаанд социалист хөгжингүй улс болно хэмээн хот болоод хот газрын ойролцоох бүхий л нохдоо элдвийн өвчин тараалаа гэсэн нэрээр зохион байгүүлалттайгаар устгасан нь харамсалтай. Харин хөдөөгүүр үлдсэн цөөн хэдэн монгол ноходын маань цус нь элдэв төрлийн ноходтой холилдон эрлийзжээд одоо бараг байхгүй шахам болоод байгаа. Харин сүүлийн хэдэн жил манай нохой сонирхогч хүмүүс Хятад улсаас банхар нохойгоо устаж үгүй болохоос нь сэргийлэн нэлээн хэдэн түвд мастифийг нэлээд өндөр үнээр худалдан оруулж ирэн үржүүлж байгаа нь нэг бодлын харамсалтай, нөгөө бодлын дэмжүүштэй юм. Хөдөө аймаг сумдаар байгаа дөрвөн нүдтэй улаан халтар ноход болгоныг банхар гэж нэрлэж болохгүй. Цэвэр цусны банхартай харьцуулбал бие нь арай жижигэвтэр, хошуу нь нарийхан, тавхай нь жижигэрч, үс нь тарчигдуу, чих нь богино болж өөрчлөгдсөн байгаа юмаа.
Орчин үед хүмүүс харуул хамгаалалтын гэхээсээ илүүтэй шашны, тэр дундаа Фэнг-Шү талаас нь Монгол банхарыг дээдлэн тэжээх болжээ. Монгол банхар нь айлд аливаа муу зүйлийг оруулахгүй, эзэндээ эд хөрөнгө, эрүүл энхийг үргэлж бэлэгдэж байдаг хэмээн хөгшчүүл ярьдаг. Монгол банхарын цусанд нь өөрт оногдсон тэр газраа хамгаалах, тэрхүү газарт амьдарч буй хүүхэд хөгшид, мал сүргээ гадны довтолгооноос хамгаалах ёстой гэсэн “үүрэг” шингэсэн байдаг гэлцдэг. Одоогоор манай орны Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговь аймгуудын цөөн хэдхэн суманд тухайлбал цөөн хэдэн айлд л цэвэр цусны монгол банхар маань үлдсэн нь нэгийг бодогдуулж байна даа...