https://www.facebook.com/groups/1418186621765499/permalink/1482450122005815/ Мөнхбаяр Хашмаргад
Гарз буюу түвд мастиф нь дэлхийн хамгийн эртний үүлдэр гэж тооцогддог ба ойролцоогоор 5000 жилийн туршид одоогийн хэлбэрээ алдаагүй гэж үздэг. Дэлхий нийтэд энэ үүлдрийн талаар харьцангуй бага мэдээлэлтэй байдаг. Харин түвд мастифийн Английн шугмын буюу Бар Хэвт түвд мастифийн тухай түүний үүсэл гарал, үүлдрийн онцлогийн талаар мэдээлэл нилээд тархсан байдаг бөгөөд зарим хүмүүс түвд мастиф гэхээр зөвхөн ОХУ болон түүнээс баруун тийш европын нутаг болон Америкт өргөн тархсан төрлөөр нь төсөөлдөг. Энэ төрлийг нь Английн түвд мастиф (Бар Хэвт) гэх ба дэлхий нийтэд нилээд танигдсан бас нилээд тархсан үүлдэр юм. Түвд мастифийн өөр нэгэн шугам болох их үслэг том биетэй улаан халтар зүстэй, нохой үржүүлэгчдийн хэлдгээр Арслан Хэвт нохойг Хятадын түвд мастиф буюу Гималайн уулын мастиф гэнэ. Яагаад түвд мастиф ийнхүү 2 өөр төрөл болсон түүхийг товч өгүүлье. 1820 онд Түвдээс Англид 4-р Георги хаанд түвд мастиф бэлгэнд ирснээр Английн түвд мастифийн түүх эхэлдэг. 1834 онд дахин 2 түвд мастиф ноход 4-р Ульямд бэлгэнд ирж байжээ. Ерөнхийдөө 19–р зууны дунд үеэс Англид нохой тэжээх, үржүүлэх үйл явц маш хурдтай хөгжиж эхэлсэн ба үүлдэр үүлдрээр дагнасан клубууд байгуулагдан үзэсгэлэн ихээр зохион байгуулагдах болж эхэлж байсэн энэ үед хожим 7-р Эдвард хаан болсон Уэльсийн Гүн нохой их сонирхох болж Түвдээс 2 нохой авчруулж байсны нэг нь ихэд нэрд гарч 1875 оны 12 сард Александрын ордонд үзүүлж байсан түүхтэй аж. Үүнээс хойш Түвдээс нэлээд нохой авч ирж байсан боловч нарийн энэ тухай мэдээлэл байдаггүй хэд хэдэн янзаар бичигдсэн байдаг. Зарим түвдээс авчирсан нохойг амьтны хүрээлэнд үзвэр болгон байлгаж ч байжээ. 20–р зууны эхээр нилээд нохой Англи руу түвдээс экспортлогдсон бөгөөд 1904-1905 онд Англиас Түвдэд ирсэн экспедицийнхний авчирсан нохойн дунд нэгэн нохой өмнө Англид аваачсан өмнөх бүх нохойноос илүү сайн байсан тухай мэдээ байдаг бөгөөд уг нохой 1906 онд болсон нэгэн том үзэсгэлэнд хамгийн шилдэг гадаадын буюу импортын нохойгоор шалгарч байжээ. 19–р зуунд Европ руу экспортлогдсон нохойнуудыг ихэвчлэн түвдийн баруун өмнөд хэсэг болон Непалаас аваачиж байсан ба тэр нутгийн нохойнууд цайвар зүстэй, үс багатай Бар Хэвт түвд мастиф байв. 1931 онд Англид анхны албан ёсны түвд мастифийн стандарт батлагдсан бөгөөд Америк Европ даяар элбэг өргөн тархсан үүлдэр нь энэ юм. Нөгөө нэг төрөл нь Хятадын түвд мастиф буюу Арслан Хэвт хэмээх сүрлэг том биетэй, их үс ноостой, хүрэн улаан халтар зүстэй нохой юм. Эдгээр нохойг сүүлийн 10-20 жилд л Түвдийн гүнээс өндөрлөг бөглүүд уулсаас олж авчран үржүүлж эхэлж буй уулын ноход юм. Английн түвд мастифаас гадаад төрхөөрөө эрс ялгаатай, илүү сүрлэг том биетэй, яс бүдүүн, үсэрхэг, зүс нь илүү тод, төрх нь өөр байдаг. Энэ төрлийг нь дэлхий даяар зөвхөн сүүлийн хэдхэн жилд л мэдэж байна гэж хэлж болно. Энэ сүрлэг нохдыг янз бүрээр хүмүүс тайлбарлах гэж оролдож зарим нь бүр Хятадууд селекц хийгээд ийм үүлдэр гаргасан гэх буюу эсвэл өөр үүлдэртэй эрлийзжүүлээд гаргаж авсан ч гэж ам дамжин ярьцгаадаг. Гэтэл үнэндээ бол 1990-ээд оноос Хятад улс нээлттэй, хил чөлөөтэй болсон тэр үеэс гадаадаас янз бүрийн үүлдрийн ноход импортоор орж ирэн улмаар хятадын нохой сонирхогчид ч олширч мөн нохой өөрөө нэгэн ашигтай бизнес болсон тэр үеэс бусад үүлдрийн адил Түвд мастифийг Түвдээс хайх олох аялал олон зохион байгуулагдаж, олноор нь Хятадад авчран үржүүлэх болсон юм. Хятадын эдийн засаг нь ч хурдацтай хөгжсөн нь нохойн хөгжилд том нөлөө үзүүлэв. Түвдрүү явж нэг нэгнээсээ илүү нохой олж авахаар өрсөлдөж хайж байв. Түвд мастифийн үнэ маш өндөр болмогц Түвдүүд өөрсдөө Түвдийн алс бөглүү далайн түвшнээс 3000 метрээс дээш газруудаас нохой хайж маш сайн үлэмж том, үсэрхэг нохдыг олж авчирч байсан нь Хятад руу маш өндөр үнээр зарагдаж байлаа. Ийнхүү Гималайн сүрлэг уулсын бөглүү нутгуудаас хэдэн мянган жил нууцлагдаж байсан Түвдийн мастифийн Арслан Хэвт төрөл нь дэлхий нийтэд танигдаж эхэлсэн юм. Одоо Хятадад чинээлэг хүмүүсийн тэжээдэг хамгийн үнэтэй үүлдэрт энэхүү Арслан Хэвт түвд мастиф тооцогдоно. Энэ үүлдрийн нохдод албан ёсоор удмын бичиг хөтөлж үржил селекцийн ажил эхлээд олон жил болоогүй, зарим нохой 4-5 үеийн удам нь л тодорхой байдаг бол маш олон уугуул нутгийн нохойг одоо ч түвдээс хятад руу зөөсөөр байгаа. Түвд мастиф нь ихэвчлэн улаан халтар зүстэй байх ба цээж цагаан хар нохой мөн улаан шаргал, цагаан зэрэг зүстэй, ясархаг том биетэй, маш их үс ноостой, цээж өргөн бахим, үсний пигмент нь маш сайн байдаг нь Английн түвд мастифиас ялгагддаг ажээ. Зан байдлын хувьд эзэндээ маш үнэнч, гадны хүнд ааштай, хүүхдэд сайн, хүчирхэг бүдүүн дуутай, чоно мэт байгаль дээр бие даан амьдрах өндөр чадвартай, эм нохой нь зөвхөн намрын сүүлээр ороо нь орж дөн өвлөөр гөлөглөдөг. Эм нохой төрөх, гөлгөө арчлах нь зэрлэг амьтадтай адил хүчтэй инстинктэй. Гөлгөө бор хоолонд орж эхэлмэгц чонотой адил идсэн хоолоо гөлөгнүүдээ авчирч бөөлжиж гаргаж өгөх нь элбэг. Гөлөгнүүд нь маш чийрэг амьдрах чадвар сайтай төрдөг. Том нохойнуудыг 100 км-ээс хол заримдаа хэдэн зуун км газарт аваачсан ч шууд эргэж гэрлүүгээ гүйж ирдэг онцгой орон зай баримжаалах чадвартай байдаг нь үнэхээр гайхалтай аж. Маш ухаалаг, зоригтой, заримдаа аймшиггүй, гадны хүнд итгэдэггүй. Нохойтой зодолдуулж сургавал үхэлд хүртэл тулалдах чанартай байдаг тул үүнээс болгоомжлох хэрэгтэй. Та нохойгоо үзэсгэлэн тэмцээнд оролцуулах бол багаас нь сайн нийгэмшүүлж зожиг биш тэжээхийг зөвлөж байна. Том биетэй боловч идэх нь бага, зөвхөн 1 нас хүртлээ хурдтай өсөж байхдаа хоол сайн иддэг. Ихэнх том биетэй нохой богино насалдаг, зүрхний ачаалал муу байдаг бол Түвд мастифт ийм асуудал огт байдаггүй, 15-20 хүртэл насалдаг онцлогтой. Биеийн өсөлт нь удаан явагддаг бөгөөд 3-4 нас хүрч байж бүрэн гүйцэд бие нь өсдөг ажээ.
https://www.facebook.com/groups/1418186621765499/permalink/1482450122005815/ Мөнхбаяр Хашмаргад
2 Comments
f
3/15/2015 02:29:46 pm
nohoi bol bish bn,
Reply
1111
9/25/2015 06:58:36 pm
anh yag yaaj ene uulder bii bolson ni alga bna shuu dee. Minii sonssonoor bol anh Mongoliin baildan daguulagchidtai tsug nuudellen ochson gej sonsson yum bna
Reply
Leave a Reply. |
Archives
September 2016
Categories |