Нэг сая таван зуун мянган долларын үнэ хүрсэн улаан түвд нохойн зураг интернетээр мөн ч их дуулиан тарив даа. Гэтэл бүр түүнээс ч үнэтэй нь байна. 2010 оны 12-р сард Хятадын Далян хотын иргэн хоёр сая таван зуун мянган доллараар ойндоо хүрч буй гөлгөн банхар авсан бол, 2011 оны хавар дун цагаан зүсмийн нохой Ордос руу 35 сая юаниар зарагджээ. Долоон тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ! Хубилай хааны албанаа зүтгэж явсан итали эр, баримтат уран зохиолын нэгэн хосгүй өвийг туурвигч Марко Поло түвд нохойн тухай мэдээг анх Европд цацсан бөгөөд түүний номд илжгэн чинээ биетэй тэдгээр ноход уулын зэрлэг сарлагийг ч ноцон барьдаг тухай өгүүлжээ. Монгол хэлнээ 1987 онд “Орчлонгийн элдэв сонин” нэрээр орчуулагдан гарсан уг номын 116-р бүлэгт харин том биетэй, догшин зэрлэг сарлагийг дийлдэг тухайг нь орхигдуулсан байна лээ (Англиар: “They have mastiffs as big as donkeys, very good at pulling down game, including wild cattle, which are plentiful there and of great size and ferocity” гэж бий). Хималайд өнөө хэр зэрлэг сарлаг элбэг, түвд малчдын ярихаар бол, дан ганц хар зүстэй байдаг, гэрийн сарлаг дотор орчихсон явахдаа өндрөөшөө ч, уртаашаа ч тохой илүү ялгарч харагддаг гэнэ. Лхас дахь Түвдийн мүзейд буй чихмэл нь алдалсан гар шиг сүрлэг эвэртэй, нохой барина гэхээр санаанд багтамгүй том амьтан байна лээ. Марко Пологийн номд ч ид шидэт үлгэрт л гардаг, үнэмшмээргүй хачин амьтад бишгүй дурдагддаг тул барууныхан ер бусын нохойн тухай хэсгийг нь ойшоосонгүй. Харин британичууд Түвдэд нэвтэрсний дараа л Английн хааны гэр бүлд хоёр түвд нохой бэлгэнд ирснээр лордууд энэ бахим чийрэг нохдыг сонирхож эхэлжээ. Англид мастиф хэмээх том биет нохой байдаг тул Азиас ирсэн банхаруудыг шууд л түвд мастиф гээд нэрлэчихэж. Үнэндээ гагц Түвдэд л байдаг үүлдэр ч биш шүү дээ. Бүр 1890-ээд онд Берлинд эл нохойг үржүүлж, 1906 онд Лондонд түвд нохойн үзэсгэлэн худалдаа зохиогдож байснаас үзэхүл, азийн банхарууд Европыг байлдан дагуулах дөхжээ. Гэвч дэлхийн дайнууд дэгдэж, дараа нь Төв Азийг коммунистууд хаалттай бүс нутаг болгосноор эдгээр ноход баруунд танигдахад садаа учирсан юм. 1950-иад онд АНУ-ын ерөнхийлөгч Айзэнхауэр түвд банхартайгаа бахархан зарлаж байсан ч 1980-аад он хүртэл зөвхөн мэргэжилтнүүд л мэддэг үүлдэр байв. Дэлхийд алдартай Вэстминстрийн клуб “түвд мастиф” гэсэн ангиллаар албан ёсны анхны шалгаруулалтаа ердөө 2008 онд л явуулсан гээд бодохгүй юу?
Гарж нохой хэнэггүй, гөжүүд, хажиг, түрэмгий, өөр айлын тэжээвэр амьтад, ижил хүйсийнхээ нохойг урж дээрэлхэх хандлагатай гээд барууныхан тэжээхээс цааргалдаг. Тиймээс Европ, Америкт үнэтэй үүлдэрт тооцогддоггүй. Ер нь хүмүүс дуулгавартай амьтныг л ухаалаг гэж үздэг шүү дээ. Харин гарж бие даасан араншинтай тул хуруу инчдэхэд л улавч авчрах хэмжээнд хүртэл сургахад хэцүү. Баргийн хашааг даван сэлгүүцдэг, тэнэмэл зөнгөр зөн нь сэрсэн ийм үедээ дуудаад ч үгэнд ордоггүй энэ дураараа нохой байгалиасаа ирвэс, чонотой үзэлцэж явахаар заяагдсан амьтан тул харуул манааны болон хамгаалах чадвараар гойд. Бага насны хүүхдэд ээлтэй найрсаг нь ази хүмүүст өндрөөр үнэлэгддэг, Хятадад бүр баян чинээлгийн бэлгэдэл болдог аж.
Дүр төрх, хэлбэрээр нь гаржийг арслан хэвт, бар хэвт гэж үндсэндээ хоёр хуваадаг. Арслан хэвт нь Балба, Бутан, Түвд, хойд Энэтхэг зэрэг Хималайн уулсын бүс нутагт илүү тархсан бөгөөд зантгар духтай, богино хоншоортой тул завьж унжуу, зогдор ихтэй, яг л дээр үеийн арслантай авдрын зургархуу. Харин бар хэвт гарж Түвдээс гадна Хөхнуурын өндөрлөг, Шинжаан, Монголд тархсан, цүүцэрхүү хоншоортой, үс жигд, чацаар урт. Англи, Америкийн кеннелуудаас угшилтай мастифууд Хятадад үржүүлдэг нохдыг бодвол, бар төрх давамгай, ерөнхийдөө монгол банхарархуу юм билээ.
Түвд гарж үнэд ороход шашны бэлгэдэлээс гадна өнөө цагийн Хятадын уран зохиол бас чамгүй үүрэг гүйцэтгэжээ. Хятад судлаач Д.Болдбаатарын орчуулгаар бидний танилцсан “Чонон сүлд” романы эсрэг байр суурь бүхий “Түвд банхар” хэмээх ном 4-5 жилийн цаана өмнөд хөршийн уншигчдыг байлдан дагуулсан нь ч энэ үүлдрийн нохойд том сурталчилгаа болсон юм.
Сүүлийн үед хятадууд аль болохуйц сахлаг үстэй, лагс нохой гарган авахаар чармайснаар гаржийн хэв шинжүүд ч холилджээ. Бутаны хоньч зэрэг гаржаас том биетэй нохдоор цус сэлгэдэг, гөлгөн цагаас нь эхлээд өсөлт хурдасгах биологийн идэвхит бодисоор тэжээдэг, хошуу сарвууг нь банхайлгах, үсийг нь хэт ургуулах зориулалттай эм бэлдмэлүүд хэрэглэдэг, хоолонд нь нойрны эм хольж байнга унтуулан зоолуулдаг гэнэ. Бүр 130 кг хүртлээ таргалсан нохой ч тэмдэглэгдсэн нь бараг л дэлхийн дээд амжилт болох биз. Жам ёсны орчноосоо таслагдсан иймэрхүү ноход генийн өөрчлөлтөд орж, хөдөлгөөн нь болхи, нас нь богино болдог, үсний хэт ургалтаас арьсанд нь агаар дутагдан, улмаар үс нь зумрах зэргээр өвчлөх тохиолдол анзаарагджээ. Уг нь гарж тарган байдаггүй. Цамаандуу, өл даахдаа гаргуун, 4-5 хоног өлөн явж чаддагаараа бусад үүлдрийн том биет нохдоос эрс өөр, шалмаг гавшгай анч хоточ нохой билээ. Эвгүй юм идчихвэл бөөлжөөд гаргачихдаг, ямар ч үүр хэрэглэдэггүй өлчир зэргээрээ чонотой адил.
Жинхэнэ гаржийг Түвдээс л олж болно гэж ихэнх хүн боддог. Үүнд нь таацуулаад жуулчдад гөлөг зардаг арилжааны газрууд Лхаст бий. 1-3 сартай аятайхан гөлөг тэндээс 3000-6000 юаниар олдоно. Томрох тусмаа үнэтэй, Түвдийн нийслэлийн хамгийн хөлтэй газар болох Бархор гудамжинд нэгэн шар гөлгөн нохойг 300 мянган юаниар зарна гэж байхтай ч таарсан. Гэвч цэвэр цусны гарж Түвдэд үлдээгүй, том биетэй, мах арвинтай болохоор нь аль 1950-иад онд л Ардын Чөлөөлөх Армийн хүнсэнд хэрэглээд барчихсан гэлцэнэ. Ортой дог оо, Түвдийн хөдөөгүүр ч аятайхан нохой нүдний гэм юм билээ. Малчид сарлагийг нь дээрэмдэхэд эмзэглэнэ, харин нохой элбэг, бас үнэгүй байж. Лхасын төв дэх ариун шүтээн Жокан сүмийн өмнөх талбайд зэр зэвсгээ агссан хятад цэргүүд жагсан явахыг хараад нэгэн мөргөлчин эмгэн таагүйхнээр хашгирсан нь түвдээр “Нохой идэгчид!” гэсэн утгатай үг байлаа.
Ер нь гарж нохой устахын даваанд хүрч байсан цаг тун саяхан. Үнэд орсныхоо ачаар л аврагдаж буй амьтан. Хэдхэн жилийн өмнө Бээжинд нэгэн үржүүлэгч 27 түвд гаржтай байтал үржүүлгийн газрын томуугаар ноход нь хиарч, ганцхан жингэр үлджээ. Тэрээр энэ тухайгаа зурагтаар ярьж, амьд үлдсэн, гоц дархлаатай охин нохойгоо удам сайтай эрэгчинтэй нийлүүлэхээр нийтэд хандсан аж. Улмаар Хөхнуур мужаас хамгийн шилдэг гаржуудыг үнэ цохиж түүгээд мань эр одоо маш баян нохойчин болсон тухай Гүмбумд танилцсан Хорчин нутгийн ах Бүрэнмандах хуучилж билээ. Гэхдээ л Цагаан хэрэмнээс дотогш нутгийн, Түвдийн өндөрлөгөөс даанч өөр, чийглэг зөөлөн уур амьсгал ямар ч сайн гаржийг нохой биш болгож мэднэ.
Балбыг эс тооцвол цэвэр цусны гарж уугуул төрхөөрөө үлдсэн цорын ганц газар бол Хөхнуур мужийн зүүн өмнө зах, Сычуань, Түвд хоёртой хил савладаг хэсгийн Юшу хэмээх жижгэвтэр хот. Мужийн төв Шинингээс 840 км, төмөр замгүй, зөвхөн машинаар эсвэл онгоцоор очиж болно. 5200 гаруй метр өндөр Баянхарын уулсыг давж хүрэх, түвд үндэстний өөртөө засах эрх бүхий энэ хөдхи суурингаас л Хятадын бусад мужийн үржүүлэгчид үржлийн нохойгоо сонгодог.
Юшуд 2010 оны 4-р сарын 14-нд найман баллын хүчтэй газар хөдлөлт болсон нь эндхийнхэнд маш хүндээр туссан аж. Айл болгон гарж үржүүлдэг, амжиргааны гол эх булаг нь нохой тул газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүнийхээ хамт бас 20 мянгаад нохойгоо алджээ. Хашсан ноход үүрэндээ дарагдаж, гинжиндээ боогдож үхсэн байна. Газар хөдлөлтийн улмаас хүнсний хомсдол үүсч, нохдын үнэ навс унажээ. Нас гүйцсэн эр нохой хоногт дор хаяж нэг кг мах иддэг хойно аргагүй л дээ. Эзнээ алдаж, өл залгах хоолгүйн эрхээр тэнүүчилж золбирсон ноход өнгөрсөн жил Юшугээр нэг болсныг ашиглан тээврийн зардлаас өөр гарлагагүйгээр тэднийг цуглуулсан овсгоотой хүн олон гэнэ. Өнгөрсөн өвлөөс нохойн үнэ эргээд өссөн тул өдгөө Хятадын хаана ч тэр Юшугээс ноднин авчирсан ноход ид зарагдаж байна. Гүмбум хийд байдаг Хуанжон сууринд ч, Шининг хотод ч, Хөх нуурын эрэг дэх жуулчны баазад ч гаржийн наймаа цэцэглэснийг нүдээр үзэв. Гэхдээ нэг дор хэт олон нохой шавааралдсаны улмаас элдэв өвчин дэлгэрсэн, сайн мэдэхгүй хүмүүст бол эрлийзээ байг гэхэд эрүүл бус гөлөг зарчих нь энүүхэнд юм шиг санагдсан.
Хятад наймааны ёсоор, Юшугийнхэн амандаа орсон үнийг л хэлэх юм. Эхэлж нүд туссан, дөрвөн настай тас хар нохойг 850 мянган юаниас ярина гэлээ. Төрсөн ах нь энэ хавар гурван настай бүдүүн нохой 700 мянган юаниар авсан тул Ордос хотод амьдардаг Цовоосэргэлэн энэ үнийг сонсоод жишим ч үгүй зогсоно.
-Зуун тавь жаран сая төгрөгийн үнэтэй нохойг өөрийг нь манах гэж амаргүй даваа яа? гэхэд минь Цовоосэргэлэн:
-Хятадад хулгайн арга айхтар нарийсчээ. Өндөр барилга руу дээврээс нь урт аргамж буулгаад орчихдог, цахилгаан дохиоллыг ч түүртэлгүй аргалчихдаг “мэргэжилтнүүд” олон. Харин ийм нэг нохой гэртээ үлдээгээд гарахад ёстой санаа зоволтгүй. Ордос бүх Хятадын хэмжээнд Шанхай, Тянжин, тэгээд Шинжааны нефтийн уурхайтай хотын дараа 4-рт жагсах баян хот болсон тул тангад нохой эрэлт ихтэй хэмээн тайлбарлав.
Гарж нохойн хамгаалах зөн хосгүй ч гэсэн, зүгээр л гэр хашаагаа мануулахад заавал цэвэр цусны амьтан шаардлагагүй шүү дээ. Тухайлбал, бульдог, англи мастиф хоёрын эрлийз болох буллмастиф нь дэлхий даяар хамгаалалтын хамгийн шилдэг нохойд тооцогддог. Тэгэхээр мөнөөх л баян Намсрайтай холбоотой мухар сүсэг, бас “цээж өвчтэй” хүмүүсийн дунд дэлгэрсэн моод энд гол үүрэг гүйцэтгээд байх шиг. Хамгаалалтын гэхээсээ илүү, дээрх нөхцөл байдалд дөрөөлсөн ашиг хонжооны зорилгоор, арилжааны үүднээс л нохойнд ийм өндөр үнэ хаяж буй нь нууц биш. Хүмүүсийн энэ мэт сонирхол Юшугийнхнийг нохдоор амь зуудаг гэхээсээ илүү нохойн наймаагаар хөлжсөн хүмүүс болгожээ.
Гурван сар орчимтой гөлөг Юшуд 10-130 мянган юаний хооронд юм уу даа? Цэвэрхэн хашаатай, тохилог аж ахуйтай нь өндөр үнэ хэлж, гудамжинд тортой гөлөг тавьчихсан суугаа нь хямд дуугарна. Дөнгөж хөхнөөсөө гарч буй гөлгийг 1500 юаниар өгчихье гэх хүн ч таарах л юм. Сайтар жишин харвал, сарвуу том, хүзүү цээж бүдүүн, завьж томрох шинжтэй тусмаа л үнэ нь өсдөг юм шиг санагдсан. Том нохойн үсийг төөлж шинжих юм. Төө илүү зогдортой нохой тааралдсан шүү.
Ер нь түвд гарж монгол нохойтой харьцуулахад, гойд үсэрхэг, хоншоор дөрвөлжиндүү, завьжны арьс сулаас гадна алсаасаа лагс биетэй, хөл бахим. Гэхдээ энэ нь үүлдрийн ялгаа биш, байгалийн хүчин зүйлсийн нөлөө юм. Цээж том байдаг нь сийрэг агаартай өндөр уулын амьтдын уушиг тэлдэгтэй, урд мөч богино, сарвуу том байдаг нь мөн л уулын нөхцөлд тэнцвэрээ олох зохилдлоготой холбоотой. Марко Поло илжиг шиг том гээд бичснээс ч болсон уу, түвд нохой гэхээр л ер бусын аварга амьтан байх ёстой гэж ихэнх хүн боддог. Газар дундын тэнгис хавийн илжиг торниухан тугалархуу л байдагтай харьцуулсан нь тэр бөгөөд Юшуд л лав сэнбэрнарын чинээ том гарж үзэгдээгүй. Сэрвээний нь өндөр эр нохой 66 см-ээс, гичий 61 см-ээс дээш бол хангалттайд тооцогддог, жин нь харин ланжгар, нас гүйцсэн гарж 60-80 кг татдаг гэхээр монгол нохойноос хоёр дахин хүнд бололтой. “Бээжингийнхний тусгай хоолоор тэжээх юм бол ахиад 10-15 см өндөр, 10-15 кг илүү жинтэй болно” гэж тэндхийн түвдүүд ярьж байв.
Гаржийн зүс ерөнхийдөө монгол нохойнхтой ижил: хамгийн түгээмэл нь дөрвөн нүдтэй халтар, хар, шар гурав. Хар саарал ч байх юм. Урьд лам хүн шар нохой, ноён хүн улаан халтар нохой тэжээдэг ёс байж. Тиймдээ ч манайд:
Хааныг гэвээс харцыг нь гэж бай,
Харцыг нь гэвээс хар нохойг нь гэж бай.
Ламыг гэвээс шавийг нь гэж бай,
Шавийг нь гэвээс шар нохойг нь гэж бай
хэмээх үг гараа биз. Далай лам шар нохдоо Автай сайн хан руу тавихад ноход нь хуцалдаж очсоноо эрхэлсэн тул Лхасын лам нар Халхын ханыг шашинд ээлтэй, зөв хүн байна гэж таньсан гэдэг домог ч бий. Энэ нь нохойн зүс эзний нийгмийн байдлыг илэрхийлдэгийг, мөн нохой яаж хандаж байгаагаар хүнийг шинждэг ёс байсныг харуулна. Хөмсөгтөө гялгатай нохой наран сөрөг харахдаа гялбадаггүй ч гэлцдэг, бас чонотой андуурагдахааргүй бараан зүсийг эрхэмлээд нүүдэлчид улаан халтар нохойг түлхүү өсгөж ирж.
Хятадад харин монгол үхрийнх шиг тод улаан, бас цагаан зүс илүү үнэтэй. Сонин хэвлэлээр ч “Улаан гөлөг авна, цагаан гөлөг авна” гэсэн зар их гарах юм. Хоёр сартай, хурга шиг цагаан гөлгийг “Хямдхан өгнө шүү, 300-хан мянган юань” гэнэ ээ. Эцэг нь гээд ёстой л Намсрай бурханы унаа шиг амьтан харуулж байна. “Зарим хүний хувьд 60 сая төгрөгөөр цагаан гаржтай болчихно гэдэг үнэхээр ч хямд байж магадгүй. Гэхдээ л энэ чинь ердийн нэг гөлөг шүү дээ” хэмээн бодож зогсоход минь, цуг явж нохой сонирхсон, Баяннуурт суудаг Хасбагана хэмээх өвөрлөгч ах хажуунаас:
-Арилжааны үг ч давстай даа. Эцэг эх хоёр нохойг нь нийлж байхад дэргэд нь харж зогссон биш. Үнэхээр сайхан амьтан болж өсөө ч үү, үгүй ч үү? Монголд ажилладаг дүү маань Ханбогдоос авсан гөлгөө Ганцмодны боомтоор хөдөө гэрт минь хүргэж ирсэн. Энэ бордооны амьтдын дэргэд тэр харин жинхэнэ нохой болох шинжтэй шүү гэж билээ.
Яруу найрагч, зохиолч, орчуулагч Гүн овгийн Г.АЮУРЗАН http://ayurzana.mn/mn/